Нарны эрчим хүчний үйлдвэрлэл цөмийн болон салхин станцыг гүйцэж түрүүлнэ

Нарны эрчим хүчний үйлдвэрлэл цөмийн болон салхин станцыг гүйцэж түрүүлнэ

Нарны фотоволтайк технологийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл тун удахгүй цөмийн болон хуурай газар, далайн салхин станцуудын нийт гарцыг давахаар байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) сүүлийн үеийн тайланд онцолжээ. Дэлхий даяар цэвэр эрчим хүчний хүчин чадал эрчимтэй тэлж буйтай холбоотойгоор нарны технологи 2029 он гэхэд усан цахилгаан станцыг давж, дэлхийн хамгийн том сэргээгдэх эх үүсвэр болох төлөвтэй байна.

Тайланд дурдсанаар, 2025-2030 оны хооронд дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нийт 4600 орчим гигаваттаар (ГВт) нэмэгдэх тооцоо гарсан нь 2019-2024 оны суурилуулалтын хурдыг даруй хоёр дахин нугалсан үзүүлэлт юм. Энэхүү өсөлт нь БНХАУ, Европын Холбоо болон Япон улсын одоогийн нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадлыг нэгтгэсэнтэй дүйцэхүйц цар хүрээг хамарч байна. Ирэх жилүүдэд бий болох ногоон эрчим хүчний шинэ хүчин чадлын ойролцоогоор 80 хувийг дангаараа нарны фотоволтайк технологи бүрдүүлэхээр байна.

64ee3ab8c6504faf92ecae9cb2d12bde

Нарны хавтангийн үйлдвэрлэлийн зардал буурч, төслийн зөвшөөрөл олгох хугацаа богиноссон нь ийнхүү өсөлт гарахад голлох түлхэц үзүүлж байна. Тухайлбал, орон сууц, аж ахуйн нэгжийн дээвэр дээр суурилуулсан тархмал системүүд нийт нэмэгдлийн 42 хувийг эзэлж буй юм. Үүний зэрэгцээ хуурай газрын салхин станцын шинэ суурилуулалт өмнөх таван жилээс 45 хувиар өсөж, 732 ГВт хүчин чадал нэмэгдэх бол цахилгааны ачааллыг тохируулах зориулалттай ус хуримтлуурт усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 80 орчим хувиар эрчимжихээр байна.

Нарны эрчим хүч 2025 онд дэлхийн анхдагч эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээний 25-аас дээш хувийг дангаараа хангасан нь орчин үеийн цэвэр технологи дэлхийн эрчим хүчний нийт өсөлтийг тэргүүлсэн анхны тохиолдол болжээ. Үүний үр дүнд сэргээгдэх болон цөмийн станц зэрэг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай эх үүсвэрүүд 2030 он гэхэд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 50 хувийг хангах төлөвтэй байна. БНХАУ уг өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа бол Энэтхэг улс хоёр дахь том зах зээл болон гарч ирж байна. Гэсэн хэдий ч 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх COP28 чуулганы зорилт 2.5-аас 2.8 дахин өсөх түвшинд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс бага зэрэг дутагдахаар байна.

Дэд бүтцийн хоцрогдол болон нийлүүлэлтийн сүлжээний доголдол уг үйл явцад тодорхой саад учруулж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Цахилгаан дамжуулах сүлжээний ачаалал, санхүүжилтийн өртөг болон инфляцын улмаас зарим бүс нутагт төслүүд удааширчээ. Түүнчлэн ногоон шилжилтэд нэн шаардлагатай чухал 20 ашигт малтмалын 19-ийг нь ганцхан улсад боловсруулж байгаа газар зүйн хэт төвлөрөл нь эрчим хүчний аюулгүй байдалд өндөр эрсдэл дагуулж байна. Иймд бие даасан нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, цахилгаан дамжуулах дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг тайланд тэмдэглэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.