Л.Нинжжамц: Сэтгүүл зүй бол улс төрчдийн зодооны талбар, бизнесийн бүлэглэлийн захиалгын хэрэгсэл, хэн нэгнийг дарамтлах зэвсэг биш
“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ — АРДЧИЛЛЫН БАТАЛГАА” уриан дор зохион байгуулж буй “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” Монголын хүүхдийн ордонд болж байна. Уг форумыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц нээж үг хэллээ. Түүний нээлтийн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ахмад буурлууд, төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, форумд хүрэлцэн ирсэн зочид оо!
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр бид энд баяр ёслолын арга хэмжээ хийх гэж цуглаагүй. Бид Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, салбарынхаа алдаа завхрал, тулгамдсан асуудал, эрх чөлөө, хараат бус байдал, мэргэжлийн нэр хүнд, ирээдүйнхээ төлөө нээлттэй, зоригтой ярилцахаар цуглаад байна.
Бид үнэнийг хэлэхээс айх ёсгүй. Өөрсдийнхөө алдааг нуух ёсгүй. Бусдын бурууг шүүмжилдэг хэрнээ өөрсдийнхөө бурууг хаацайлж болохгүй.
Өнөөдөр сэтгүүл зүйг хэн нэгэн гаднаас ирж аварна гэж хүлээх биш, сэтгүүлчид бид өөрсдөө салбарынхаа нэр хүнд, эрх чөлөө, ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёстой.
Чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа. Сэтгүүлч бол эрх мэдэлтний суртал ухуулагч биш. Сэтгүүл зүй бол улс төрчдийн зодооны талбар, бизнесийн бүлэглэлийн захиалгын хэрэгсэл, хэн нэгнийг дарамтлах зэвсэг ч биш.
Чөлөөт хэвлэлийн үндсэн үүрэг бол олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийгэмд болж буй үйл явдлыг баримтад тулгуурлан мэдээлэх, шударга ёсыг шаардах явдал билээ.
Гэвч өнөөдөр бид энэ зарчмаасаа хэр холдсон бэ гэдгээ өөрсдөөсөө асуух цаг иржээ.
Нэг. Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал биднээс өөрчлөлт шаардаж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл—Өнөөдөр” мониторингийн тайланд дурдсан мэдээллээр Монгол Улсад 352 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэгдсэнээс 295 буюу 84 хувь нь судалгаанд хамрагдсан байна. Салбарт 3,400 орчим хүн ажиллаж байгаагийн 2,211 нь телевизийн салбарт ажилладаг бөгөөд ажиллах хүчний 64 хувь нь 40-өөс доош насныхан байна. Харин сэтгүүлч, редактор, тайлбарлагч зэрэг бүтээлч ажилтнууд нийт ажиллах хүчний ойролцоогоор 38 хувийг эзэлж байна.
Салбарын тогтвортой байдлын үнэлгээ 100 онооноос 48 байгаа нь анхааруулга мөн.
Эдгээр тоо бидэнд юу хэлж байна вэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагын тоо олон байж болно. Суваг, сайт, цахим хуудас өдөр бүр нэмэгдэж болно. Гэхдээ тоо олон байх нь чанартай сэтгүүл зүй хөгжсөний баталгаа биш. Мэдээлэл тасралтгүй цацагдаж байгаа нь иргэд үнэн зөв мэдээлэл авч байгаагийн баталгаа ч биш гэдгийг бодит байдал болон судалгааны үр дүн харуулах боллоо.
Бидэнд эдийн засгийн хувьд тогтвортой, редакцын хувьд хараат бус, хүний нөөцийн хувьд чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй, олон нийтийн итгэлийг даах хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрэгтэй байна.
Бид өнөөдөр асуудлаа нэрлэж, маргааш нь мартдаг байж болохгүй. Энэ форумын үр дүн тодорхой санал, шаардлага, хэрэгжүүлэх ажил, хариуцлага болж гарах ёстой.
Хоёр. “Шантаажны сэтгүүл зүй” гэдэг нэрийн цаана мэргэжлийг бүхэлд нь гутаах явдлыг зогсооё
Сүүлийн үед “шантаажны сэтгүүл зүй” гэх үг нийгэмд их яригдах боллоо.
Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх, эсвэл нийтлэхийн тулд мөнгө, ашиг хонжоо нэхдэг, бусдыг олж авсан мэдээллээрээ сүрдүүлдэг, хэвлэл мэдээллийн нэрийг барьж дарамталдаг үйлдэл бол сэтгүүл зүй биш. Энэ бол мэргэжлийн нэрийг ашигласан хууль бус үйлдэл. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.
Гэхдээ энд нэг ноцтой ялгаа бий.
Авлига, албан тушаалын урвуулан ашиглалт, ашиг сонирхлын зөрчил, төсвийн мөнгөний зарцуулалт, эрх мэдэлтний хууль бус үйлдлийг илчилсний төлөө сэтгүүлчийг “шантаажчин” гэж нэрлэж болохгүй. Төрөөс, албан тушаалтнаас асуулт асуусны төлөө, бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагааг сурвалжилсны төлөө, хэн нэгний эрх ашигт нийцээгүй мэдээлэл гаргасны төлөө сэтгүүлчийг гэмт хэрэгтэн мэт зарлах эрх хэнд ч байхгүй.
Хууль бус шантаажыг таслан зогсоох ёстой. Харин үнэнийг эрэн сурвалжилсан сэтгүүлчийг шантаажчин хэмээн гутаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ хоёрын заагийг санаатайгаар бүдгэрүүлж, сэтгүүлчдийн амыг барих, хэвлэлийн эрх чөлөөг хумих, олон нийтийн хяналтаас зугтахыг оролдож байгаа бол бид дуугүй суухгүй.
Гэхдээ сэтгүүлчид бид өөрсдөө ч мэргэжлийнхээ нэр хүндийг хамгаалах ёстой. Мэдээллийг мөнгө олох хэрэгсэл, хүнийг дарамтлах арга, улс төрийн захиалга биелүүлэх зэвсэг болгож байгаа хүмүүсийг “манай салбарын хүн” гэж хаацайлах бас боломжгүй.
Нэр төрөө хамгаална гэдэг алдаагаа нуухын нэр биш. Нэр төрөө хамгаална гэдэг мэргэжлээ завхруулж буй үйлдэлтэй эвлэрэхгүй байхыг хэлнэ.
Гурав. Улс төрчдийн хоёр нүүртэй хандлагыг ил тод хэлэх цаг болсон
Сонгууль болохоор улс төрчид хэвлэл мэдээллийг эрж хайдаг. Сэтгүүлчдийг дэмжинэ, хэвлэлийн эрх чөлөөг хамгаална, хэвлэл мэдээлэл бол ардчиллын тулгуур гэж ярьдаг.
Харин сонгуулийн зорилгодоо хүрсний дараа өөрсдийг нь шүүмжилсэн сэтгүүлчдийг “шантаажчин”, “дайсан”, “худал мэдээлэл тараагч” гэж нэрлэж, хэвлэл мэдээллийг бүхэлд нь харлуулдаг жишиг тогтоод удлаа.
Энэ бол байж болохгүй хандлага.
Улс төрчид нэг зүйлийг ойлгох ёстой юм. Сэтгүүлч таныг магтахын тулд ажилладаггүй. Таны сонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй хийхийн тулд ажилладаггүй. Таны алдаа, зөрчил, шийдвэрийн үр дагаврыг олон нийтэд мэдээлэхийн тулд ажилладаг.
Таныг магтсан мэдээлэлд сэтгүүлч хэрэгтэй, харин таныг шүүмжилсэн мэдээлэлд сэтгүүлч дайсан болдог байж болохгүй.
Сэтгүүлч ч улс төрчийн талд орж, нэг намыг өмгөөлж, нөгөөг нь харлуулах ёсгүй. Улс төрч, бизнес эрхлэгчтэй тохиролцож, мэдээллээ сонгон хүргэж, өөрийн сувгийг ашиглан нэг талын эрх ашгийг хамгаалж, түүнийгээ орлогын эх үүсвэр болгодог бол энэ нь мэргэжлийн хараат бус байдал биш.
Захиалгат болон ивээн тэтгэсэн агуулга байж болно. Гэхдээ түүнийгээ ил тод тэмдэглэ. Баримтыг гуйвуулж, төлбөртэй мэдээллийг редакцын хараат бус нийтлэл мэт бүү үзүүл. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүйн нэг зарчим билээ.
Сэтгүүлчийн хамгийн том хөрөнгө бол итгэл. Итгэлээ алдсан бол хэчнээн олон дагагчтай, хэчнээн олон үзэлттэй байлаа ч мэргэжлийн үнэ цэнээ алдана гэсэн үг.
Дөрөв. Сэтгүүлчид хоорондоо дайсагнахаа больж, мэргэжлийн нэр хүндээ хамгаалъя
Сүүлийн нэг сарын хугацаанд цахим орчинд сэтгүүлчид хэд хэдэн тал болон хуваагдаж, улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа мэт байр сууринаас бие биеэ дайрах явдал газар авч, гаарлаа.
Зөвхөн мэргэжлийн асуудлаар маргалдаад зогсохгүй, хань ижил, үр хүүхэд, гэр бүлийн асуудлыг нь хөндөн доромжилж, хувийн амьдралыг нь зэвсэг болгон ашиглаж байна.
Энэ бол сэтгүүлчдийн мэргэжлийн маргаан биш. Энэ бол мэргэжлийн нэр хүндээ өөрсдөө унагаж буй үйлдэл юм.
Бид нэг нэгнийхээ үзэл бодол, мэдээ нийтлэлтэй санал нийлэхгүй байж болно. Баримтыг нь няцааж болно. Алдааг нь илчилж болно. Гэхдээ гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч, хувийн амьдралаар нь доромжилж, хүний нэр төрийг гутаах эрх хэнд ч байхгүй билээ.
Зуун жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүй цахим орчинд нэргүй хаяг, тролл, бот, нөлөөлөгчдийн доромжлолын бай болж, нийтээрээ шоолуулж суух ёсгүй. Гэвч ийм байдалд хүрэхэд бид өөрсдөө ч буруутай. Өөр хоорондоо талцаж, баримтаас илүү дайралтыг урдаа тавьж, мэргэжлийн маргааныг хувийн өш хонзон болгож хувиргасан бол бид өөрсдөө өөрчлөгдөх ёстой.
Мэдээж бүх шүүмжлэлийг дайралт гэж үзэж болохгүй. Үндэслэлтэй шүүмжлэл байвал хүлээн авах, алдаа гаргасан бол залруулах, буруу мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх. Энэ бол сул дорой байдал биш, мэргэжлийн хариуцлага юм.
Харин санаатайгаар худал мэдээлэл түгээж, бусдын нэр төрд халдаж, улс төрийн захиалгаар хүнийг харлуулж байгаа бол түүнийгээ “сэтгүүл зүй” гэж халхавчилж хэрхэвч болохгүй.
Өөрсдөө бие биеэ доромжилж, өөрсдөө бие биеэ гутааж байгаа бидэнд нийгмээс, олон нийтээс хүндлэл шаардах орон зай үлдэх үү. Дор бүрнээ бодож тунгаацгаая.
Тав. Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой
Төрийн ордонд сурвалжлага хийхдээ зарим сэтгүүлч албан тушаалтны ам руу микрофоноо тулгах, араас нь хөөх, зохисгүй үг хэллэг хэрэглэх, биеийн хэлэмжээрээ дарамталж байгаа мэт авирлах явдал сүүлийн жилүүдэд газар авсан. Үүнийг бид зөвтгөх ёсгүй. Тулгасан асуулт тавих нь нэг хэрэг. Хүнийг бүдүүлгээр харьцаж, доромжлох нь өөр хэрэг юм.
Шаардлага тавих нь бүдүүлэг байхыг хэлэхгүй. Хариулт нэхэх нь сэтгүүлчийн үүрэг мөн боловч хүний нэр төрийг үл хүндэтгэх эрх бидэнд байхгүй билээ.
Үүний нөгөө талд төрийн албан тушаалтнууд ч хариуцлага хүлээх ёстой. Албан тушаалтан байна гэдэг сэтгүүлчийн асуултаас зугтах эрх биш. Төрийн ордон бол олон нийтийн төлөөллийн байгууллагын байр болохоос сэтгүүлчдийг үл тоомсорлох, мэдээллээс хаах газар биш юм.
Сэтгүүлч асуултаа мэргэжлийн түвшинд тавих, албан тушаалтан асуултад үндэслэлтэй хариулах, хэрэв мэдээлэл өгөх боломжгүй бол хууль зүйн үндэслэлээ тайлбарлах. Энэ бол зарчим бөгөөд харилцан хүндэтгэл юм.
Зургаа. Хэвлэлийн эрх чөлөө шударга бусын өмнө амаа үдүүлж болохгүй
Шүүх, прокурор, цагдаа болон бусад хууль сахиулах байгууллага хуульд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой. Тэд улс төрчдийн хувийн өш хонзон, бүлэглэлийн ашиг сонирхлын хэрэгсэл болж болохгүй.
Хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Сэтгүүлч хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гэхдээ сэтгүүлчийг хууль ёсны нийтлэл, сурвалжлага, шүүмжлэлийнх нь төлөө айлган сүрдүүлэх, дарамтлах, дур мэдэн эрх чөлөөг нь хязгаарлахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Хууль хэрэгжүүлэх нэрээр сэтгүүлчийн амыг барьж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөө нэрээр хууль зөрчихийг ч зөвтгөж болохгүй. Энэ зарчим хоёр талдаа адил тэгш үйлчлэх ёстой юм.
Долоо. Төсвийн мөнгө, төрийн бүтцийн давхардал, тендерийг хянахаа больж болохгүй
Төрийн байгууллагын дэргэдэх, төсвийн хөрөнгөөр санхүүждэг контент үйлдвэрлэлийн компани, студи, хэвлэл мэдээллийн бүтэц, тэдгээрийн чиг үүрэг, зардал, үр ашгийг эргэн харах цаг болсон.
Төр иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэх үүрэгтэй. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш. Харин төрийн мэдээллийн үүрэг, төсвийн хөрөнгөөр ажилладаг үйлдвэрлэлийн бүтэц, хараат бус хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны зааг тодорхой байх ёстой.
Ямар чиг үүрэг давхардсан байна вэ? Төсвийн мөнгийг юунд зарцуулж байна вэ? Үйл ажиллагааны үр дүнг хэн, хэрхэн үнэлдэг вэ? Төрийн санхүүжилттэй байгууллага хувийн хэвлэл мэдээллийн байгууллагатай шударга өрсөлдөж байна уу? Эдгээр асуултад ил тод хариулт өгөх цаг болсон.
Учир нь татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа хэн бүхэн олон нийтийн өмнө тайлагнах үүрэгтэй билээ.
Үүнээс гадна олон зуун тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, тендер, худалдан авалт, бүтээн байгуулалтад тавих сэтгүүлчдийн хяналт сулрах ёсгүй.
Өнөөдөр аль нам засаглаж байгаагаас үл хамааран төсвийн мөнгө бол ард түмний мөнгө. Өмнөх засгийн үед эхэлсэн төсөл маргааш нь хяналтаас гарах ёсгүй. Шинэ албан тушаалтан томилогдлоо гээд хуучин гэрээ, тендер, зарцуулалтын асуудал мартагдаж болохгүй.
Бид гэрээ, төсөв, гүйцэтгэл, аудитын тайлан, тендерийн нөхцөл, бодит үр дүнг шалгаж, олон нийтэд ойлгомжтой хүргэх мэргэжлийн үүрэгтэй. Гэхдээ баримтгүйгээр хэнийг ч буруутгаж болохгүй зарчмаа бас умартаж болохгүй билээ.
Төрийн мөнгийг хэн захиран зарцуулж байгаагаас үл хамааран сэтгүүлчдийн хяналт үргэлжлэх ёстой. Энэ бол улс төрийн аль нэг талд үйлчилж байгаа хэрэг биш. Энэ бол иргэдийн өмнө хүлээсэн бидний үүрэг юм.
Найм. Сонгуулийн хар пиарын зэвсэг болохгүй байх нь сэтгүүлчдийн үүрэг, зарчим
Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль, дараа жил нь УИХ-ын сонгууль болох улс төрийн мөчлөг бидний өмнө байна. Сонгуулийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр худал мэдээлэл, хар пиар, зохион байгуулалттай дайралт, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл нэмэгдэх эрсдэлтэй. Энэ үед сэтгүүлчид хэн нэгний бэлэн өгсөн мэдээллийг шалгалгүй нийтэлдэг дамжуулах хоолой болж болохгүй.
Мэдээллийн эх сурвалж хэн бэ? Санхүүжилт нь хаанаас гарч байна вэ? Ямар зорилгоор түгээж байна вэ? Баримт нь баталгаатай юу? Нөгөө талын байр суурийг сонссон уу? Эдгээр асуултад хариулалгүйгээр мэдээлэл түгээх нь мэргэжлийн хариуцлагагүй үйлдэл юм.
Гадаад, дотоодын улс төрийн ашиг сонирхол, зохион байгуулалттай нөлөөлөл, хар пиарын ажиллагаанд мэдсээр байж үйлчилж байгаа бол сэтгүүлч хүн өөрийн мэргэжлийн нэр хүндийг худалдаж байна гэсэн үг.
Санаатай худал мэдээлэл түгээх, баримтыг гуйвуулах, бусдыг хууль бусаар харлуулах нь ёс зүйн алдаа төдийгүй хууль зүйн үр дагавартайг мартаж болохгүй.
Бид хэн нэгний улс төрийн өрсөлдөөний зэвсэг биш. Бидний үнэнч байх ёстой тал бол баримт, олон нийтийн эрх ашиг, Монгол Улсын иргэдийн мэдэх эрх билээ.
Ес. Сэтгүүлч бол иргэдийн мэдэх эрхийн манаач
Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, зөрчил мөргөлдөөн, мэдээллийн дайн, цахим нөлөөлөл эрчимжиж байна. Ийм үед сэтгүүлчийн үүрэг улам хариуцлагатай болж байна.
Бид баталгаагүй мэдээлэл тарааж, иргэдийг хооронд нь турхирч, нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлж болохгүй. Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдлын асуудлаар баримтад тулгуурласан, хариуцлагатай мэдээлэл хүргэх үүрэгтэй.
Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэдэг нэрээр авлига, алдаа дутагдлыг нуун дарагдуулж болохгүй. Төрийн байгууллага үндэсний эрх ашгийг тайлбар болгон ашиглаж, олон нийтийн мэдэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах ёсгүй.
Үүний адил хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрээр худал мэдээлэл түгээх, нийгмийг турхирах, баталгаагүй мэдээллээр хүний нэр төрд халдахыг зөвтгөж болохгүй юм.
Сэтгүүлчид бид нийгмийг хагалан бутаргах бус, иргэд бодит байдлыг ойлгож, асуудлыг баримтад тулгуурлан хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой билээ.
Арав. 75 жилийн түүхтэй МСНЭ бол бидний хамтын дээвэр
Эрхэм сэтгүүлчид ээ!
Одоо би Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийнхээ талаар онцгойлон хэлмээр байна.
МСНЭ бол 75 жилийн түүхтэй, үе үеийн сэтгүүлчдийн хөдөлмөр, тэмцэл, итгэл найдвар, мэргэжлийн нэгдлийн үр дүнд оршин тогтнож ирсэн дээвэр байгууллага.
Энэ байгууллага бол зөвхөн Ерөнхийлөгч, удирдах зөвлөл, тамга тэмдэг, өрөө тасалгаа биш. МСНЭ бол сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн нэгдлийг хангах, салбарынхаа дуу хоолойг төр, нийгэмд хүргэх, сэтгүүлчдийг сургах, хөгжүүлэх, дэмжих хамтын орон зай юм.
Би МСНЭ-ийг бороо, цас, шорооноос хамгаалдаг дээвэр гэж зүйрлэмээр байна.
Гадаа шуурга болоход дээвэр хэрэгтэй. Хэн нэгэн сэтгүүлчийн эрх зөрчигдөхөд түшиг хэрэгтэй. Мэргэжлийнх нь төлөө дайрч давшлахад хамгаалалт хэрэгтэй. Хөдөлмөрийн эрх ашиг нь хөндөгдөхөд дуу хоолой хэрэгтэй. Сэтгүүлчид хоорондоо зөрчилдөхөд нэгтгэх орон зай хэрэгтэй.
Гэхдээ дээвэр өөрөө аяндаа бат бөх болчихдоггүй. Түүнийг хамтдаа барьж, арчилж, бэхжүүлдэг. Хэрэв бид дээврээ үл тоомсорлож, эвдэж нураагаад байвал, дараа нь бороо ороход л хамгаалалт маань сул байна гэж гомдоллох эрхгүй билээ.
Өөрөөр хэлбэл МСНЭ-ийг хүчирхэг болгох үүрэг зөвхөн удирдлагад байхгүй гишүүн бүрийн оролцоо, итгэл, идэвх, хариуцлага хэрэгтэй билээ.
Гишүүнчлэлээ баталгаажуулж, татвар, бүртгэл, холбоотой асуудлаа цэгцэлж, МСНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Салбарынхаа мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, эрх ашгийн хамгаалал, хамтын ажиллагаанд оролцож, эвлэлээ бодитоор хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэж уриалмаар байна.
МСНЭ-ийг хүндэтгэнэ гэдэг удирдлагыг шүүмжлэлгүй дагана гэсэн үг биш. Харин байгууллагаа сайжруулахын төлөө санал хэлж, алдааг нь засаж, үйл ажиллагаанд нь оролцож, хамтын шийдэл гаргахад хувь нэмрээ оруулна гэсэн үг.
Гэхдээ гишүүд бид ч өөрсдөөсөө асууя. МСНЭ-ийн үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ? Санал шүүмжлэлээ хэлдэг үү? Мэргэжлийн нэгдлээ бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг уу? Эсвэл асуудал гарахад л эвлэлээ эрж хайдаг уу гэж өөрсдөөсөө асуух цаг болжээ.
75 жилийн түүхтэй МСНЭ бол үе үеийн сэтгүүлчдийн бүтээсэн өв билээ. Энэ өв, түүхийг бүтээсэн ахмад сэтгүүлчдийнхээ хөдөлмөр, туршлагыг хүндэтгэж, залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг бөгөөд өнгөрсөн үеийн ололт, сургамжаа авч үлдээд, өнөөдрийн шаардлагад нийцсэн хүчирхэг байгууллага болгон хөгжүүлэх ёстой.
Эвлэлээ хүчирхэг болгохгүйгээр өөрсдийнхөө эрх ашгийг хүчтэй хамгаалуулна гэж хүлээж болохгүй. Нэгдэж чадахгүй бол бидний дуу хоолой сул байна. Хамтран ажиллахгүй бол бидний эрх ашиг бусдын шийдвэрээс хамааралтай хэвээр үлдэнэ.
МСНЭ бол хэн нэгний хувийн байгууллага биш. Энэ бол Монголын сэтгүүлчдийн хамтын байгууллага. Тиймээс түүний хөгжил, нэр хүнд, ирээдүйд гишүүн бүрийн оролцоо чухал юм.
Бидэнд хүчирхэг эвлэл хэрэгтэй. Хараат бус сэтгүүл зүй хэрэгтэй. Эрхээ хамгаалж чаддаг, үүргээ ухамсарладаг, нэгнээ хүндэтгэдэг, олон нийтийн итгэлийг даадаг сэтгүүлчдийн хамт олон хэрэгтэй.
Эрхэм сэтгүүлчид ээ!
Өнөөдрийн форум бол нэг өдрийн арга хэмжээ байгаад өнгөрөх ёсгүй. Бид энд ярьсан асуудлаа маргааш мартаж болохгүй. Ёс зүйгээ сайжруулж, редакцын хараат бус байдлаа хамгаалж, улс төрийн захиалгат хар пиараас ангид байж, төсвийн мөнгөнд хяналт тавьж, хүний эрх, олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах үндсэн үүргээ илүү хариуцлагатайгаар биелүүлэх цаг ирээд байна.
Төрд шаардлага тавихдаа бид өөрсдөө хариуцлагатай байя. Улс төрчдөөс ил тод байдлыг шаардахдаа өөрсдөө мэргэжлийн үүрэг, зарчмаа ягштал баримталъя. Нийгмээс хүндлэл шаардахдаа өөрсдөө мэргэжлийн нэр хүндээ хамгаалъя.
Чөлөөт хэвлэл бол хэн нэгний бэлэг биш. Энэ бол ардчиллын үнэт зүйл, иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хариуцлагатай хөдөлмөрөөр хамгаалагдах ёстой эрх чөлөө юм.
Та бүхэндээ амжилт хүсье.
Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.