Г.Занданшатар: Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ

Г.Занданшатар: Малайз, Австралийн Засгийн газарт  хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ

Өнөөдөр Ерөнхий сайд асан Г.Занданшатар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын байр суурь, Малайзын талд тавьсан дөрвөн хүсэлтийг танилцууллаа.

1. Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, холбогдох иргэний нэхэмжлэлийг улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид, баримтад тулгуурлан шударга, ил тод шийдвэрлэх.

2. Австралид байгаа Сирул Азхар Умараас иргэний хэрэгт мэдүүлэг авах хууль ёсны боломжийг бүрдүүлж, түүнийг Малайзад хууль ёсоор шилжүүлэн өгөх асуудлаар Малайз, Австралийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх.

3. Шинээр илэрсэн болон өмнө нь шалгаагүй нотлох баримтыг хуульд нийцүүлэн шуурхай шалгаж, гэр бүлд өмгөөлөгчдөөр нь дамжуулан мэдээлэх.

4. Шүүх ажиллагаа болон тавьсан хүсэлт бүрийн талаар Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор бичгээр хариу өгөх.

Мөн тэрээр “Бид Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж буй. Монгол Улс хэнийг ч цаазаар авахуулахыг хүсэхгүй. Сирулыг буцаах аливаа тохиролцоо хоёр улсын хуульд нийцэж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх бодит баталгаатай байх ёстой.

Ш.Алтантуяа талийгаачийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө дипломат болон хууль ёсны бүх сувгаар тууштай ажиллаж, тавьсан хүсэлтүүдийнхээ хариуг нэхэх болно.

Мөн хувийн санаачилгаар Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ.

Энэ гэр бүлийн үнэнийг мэдэх, шударга ёсыг хүртэх эрхийн төлөө уриалгад нэгдэж, гарын үсгээ зурж, түгээхийг та бүхнээс хүсье” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.