Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Ер нь боловсролгүй тусмаа өндөр албан тушаалд хүрсэн байдаг нь Монголын төрийн шоглоом гэмээр сонирхолтой дүр зураг харагдаж байна. Хүн боловсролгүй тусмаа алдах юмгүй, бүх сэдвээр чөлөөтэй мэдэмхийрч ярьж чаддаг өгөгдөл заяадаг бичигдээгүй хуультай энэхүү зүй тогтол холбоотой байж ч мэдэх юм.
Биофизикч Н.Алтанхуягийн эргэн ирэлт
Хуучин бууны хугархай Н.Алтанхуяг улаанаараа эргэлдсэн СХД-т 2000-2001 онд АН-ын дарга байсных 2024 онд сонгогдоод гараад ирсэн. Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд байсан хүн тойрогтоо л ажиллаж сонгогчдод таалагдах гэхээсээ глобал асуудлаар улстөрчийн хувьд ажиллах болов уу гэсэн хүлээлт байна. Түүний боловсрол хэзээ ч улс төртэй огтлолцохооргүй мэргэжил боловч уг хүнийх нь үндсэн натур Норовын хүүг улс төрд хөтөлсөн бололтой шүү.
УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
1981 онд Монгол Улсын Их Сургууль, биофизикч мэргэжлээр
Гашуун сухайт, Говь-Алтай О.Амгаланбаатарын түлхүүр үгс
Гаалийн байцаагчид гэж хүмүүсийн талаар үлгэр домог шиг л яриа явдаг бол “ориг”-оороо О.Амгаланбаатар шиг хүмүүс байдаг байх нь ээ. Түүний амьдрал Бургастайн гаалийн хороо, Эрдэнэтийн Гаалийн хороо, Гашуунсухайтын Гаалийн хороонд өрнөжээ. Дараа нь Говь-Алтайн Засаг даргаар 2014 оноос ажилласан түүнийг Алтайчууд энэ удаад төрд илгээсэн. Боловсролын мэдээлэл нь бараг хоосон шахуу, өдөр ирэх тусам гүүглд бараан мөртэй болж Алтайчууддаа балбуулж буй О.Амгаланбаатар ХААИС-ийг төгссөн гэх ч яг баттай эсэх эргэлзээтэй.
УИХ-ын гишүүн Очирбатын Амгаланбаатар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1994-1998 он ХААИС-ийн Бизнесийн удирдлага, бакалаврын зэрэг
Дээд боловсролгүй айтичин
Одоо бол “Ондо”-гоор овоглодог Ч.Анар “Жи Мобайл”-ыг үүсгэн байгуулагчдын нэгээс гадна “Лэндмн” ББСБ-ийн үүсгэн байгуулагч. Зээлийн апп одооных шиг олон байсан ч биш, шинэ үзэгдэл байлаа. 2009 оноос хойш шинэ, шинэ компани үүсгэн захирал нь явсаар ирсэн залуу анхны парламентдаа суугаад авсан. Ердөө бүрэн дунд боловсролтой залуу үүлэн технологид гаргуунаас гадна хаялагатай хадмын хаяа түшсэн нь түүний амьдралын карьерын гол түлхүүр гэдэг. Ч.Анар “Улаанбаатар буян” компанийг үүсгэн байгуулагч Г.Идэрмаа хатагтайн хүргэн гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй болов уу. Монголын оршуулгын бизнесийн талыг атгадаг загалмайлсан эх гэгддэг Г.Идэрмаа хатагтай 2000-аад оны эхэн үед МАН-аас их улс төрд орох гэж үзсэн боловч бараагүй, эцэстээ хүргэнээ зүтгүүлсэн нь үр дүнгээ өгч, эднийхэн улс төр талаасаа хамгаалалттай болсон.
УИХ-ын гишүүн Чинбатын Анар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1995 онд Хэнтий Бэрх ЕБСургууль,
1998 онд Өвөрхангай аймгийн 2-р арван жил, бүрэн дунд боловсрол
Зураач Х.Баттулга 4 дэхь удаагаа УИХ-ын гишүүн болсон
Х.Баттулга албан тушаалын одтой, адтай гэдэг нь гишүүн болоод сайд болдог замналаас харж болно. Тэр одоо УИХ-д 4 дэхээ сонгогдоод байна. Ерөнхийлөгчөөс бууж ирээд буцаж УИХ-ын гишүүн болсон буюу бөөлжсөн бөөлжсөө буцаж цутгасан цорын ганц улс төрч. Түүний боловсрол дангаараа алмайрам ч дагуулж улс төрд оруулсан хүмүүстэй нь нийлүүлээд харахаар Баттулга стайл, Женко сет гэмээр бүхэл бүтэн арми гарч ирнэ.
УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач
Коллеж төгссөн Женко сетийнхэн: Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан
Ёстой нөгөө боловсрол нь ижилхэн, аманцар нь ижилхэн, дэмждэг хүн үзэл бодол нь нэг, хүйсээр л ялгагдах хоёр юм биш үү, энэ хоёр маань. Хамгийн их дуугардаг сэтгүүлчид Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан нар 2024 онд парламентад орж ирцгээсэн. Хэвлэлийн хүрээлэн гэж газар байдгийг хүмүүс эчнээ мэднэ. Тэнд 45 хоногийн курс төгсөөд сэтгүүлч болдог нь багагүй шүүмжлэл дагуулдаг. Ингээд гишүүн ч хүртэл болчихоор яг боловсролтой сэтгүүлчид нь алмайрч хоцров оо. Амьдрал баян гэх үү, эсвэл Женко албаар боловсролгүй хүмүүсээр багаа бүрдүүлдэг гэх үү, түүний тойрон хүрээлэгчид бүгд шахуу боловсрол тааруу улсууд байх. Тодорхойлох аргагүй тоо бодуулдаг Х.Баттулга л хариултыг нь мэдэх байх.
УИХ-ын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2005 онд 73-р дунд сургууль
2010 онд Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлч коллеж, Cэтгүүлч
УИХ-ын гишүүн Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1994 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 51-р сургууль
1998 онд Монголын хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлч
Ө.Шижирийн боловсрол хүнд үзүүлэхэд “ичмээр дамшиг”
Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад нь ЕТГ-ын даргаар ажиллаж байснаар Ө.Шижиртэй бид эчнээ танил болсон. Х.Баттулга олон хүнд авч гээхийн ухаанаар хандсан ч Ө.Шижиртээ хайр сэтгэл нь хэвээр тэд хамтдаа гишүүн болж 2024 онд УИХ-д орж ирлээ. Женкогийн баруун гар Ө.Шижир ШУТИС төгсөөд хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн залуу байж. Мэдээж Х.Баттулгын хажууд бол дээд сургууль төгсчихсөн боловсролтой харагдаж байгаа ч …
УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижир
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургууль
2008 онд Хүний нөөцийн удирдлага, менежмент
Д.Энхтуяа гишүүний сураггүй “хөөрхөн” боловсрол
МҮОНТ гэж хэл амтай газрын захирлаар 2013-2017 онд ажиллан олон нийтэд танигдсан сэтгүүлч Д.Энхтуяа эфирийн хөөрхөн царайтай гэдэгтэй ихэнх нь маргахгүй. 2004 оноос ТВ-д ажиллаж зурагтаар олон давтамжтай гарсаар нүдэнд дассан бүсгүй 2020-2024 онд НИТХ-д суун улмаар 2024 онд УИХ-д орж ирсэн. Ер нь парламент болгонд сэтгүүлчид байх нь байдаг ч Д.Энхтуяа шиг үл мэдэгдэх сургууль төгссөн, боловсрол нь тодорхойгүй сэтгүүлч байгаагүй учраас эвэртэй туулай шиг л харагдах аж.
УИХ-ын гишүүн Доржзовдын Энхтуяа
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2004 онд ХБНГУ-ын Карлсруэ Их Сургууль, Телевизийн Сэтгүүлч
Увсын Чойжоогийн хурдгүй боловсрол
“Хурд”-ын Б.Чойжилсүрэн хур баян, догь бизнесмэн гэхчлэн амбицтай өгүүлбэрүүд дурайхыг бид хардаг. Эцэст нь бодит үнэнтэй нүүр тулсан нь түүний УИХ-д сууснаас болсон хэрэг. Боловсрол нь ил боллоо, тэргүүлэх баяны. Б.Чойжилсүрэн ОХУ-д Автоматикч телемеханикч гэх өвөрмөц мэргэжил эзэмшсэнээс хойш номын дуу сонсож, ногоотой шөлний бараа хараагүй хүн болж таарлаа. Тэрбээр 1995 онд “Хурд”-аа байгуулж тасралтгүй бизнесээ хийсээр 2006 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед ЕТГ-ын Дэд даргаар улс төрд хөл тавьсан. 2008, 2012, 2016, 2020, 2024 гэхчлэн тасралтгүй 5 удаа УИХ-д сонгогдож Сангийн сайд, Эрчим хүчний сайд хийж ирсэн Б.Чойжилсүрэнд боловсролдоо анхаарах цаг зав үнэндээ гараагүй ч байж болох.
Гэснээс түүний улс төрд орох болсон шалтгаан нь “Цагаан шонхор”-ын Ц.Энхтайван Энхтайваны гүүрний дор “дүүжилж” дарамталсанаас үүдэлтэй гэдэг. Ер нь бизнесээ хамгаалах үүднээс аргабуюу улс төрд хөл тавьсан баячууд Чойжоогоор дуусахгүй байх шүү.
УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль, Автоматикч телемеханикч.
Орон нутгийн чанартай боловсролын жишиг
Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй гэдэг хэлц үг боловсролд ч хамаатай бололтой. Саяхан сэтгүүлчтэй зөвлөхөө зодолдуулж орхиод өөрөө ард нь чимээгүй сугарч үлдсэн Ц.Мөнхтуяа гишүүн бага ангийн багш мэргэжилтэй. Дорноддоо 10 жилээ төгсөж их сургуулиа тэнд дүүргэчихээр одоогийн хийж байгаа улс төрийн арга барил нь яах ч аргагүй л юм байна. Тэрээр Дорноддоо багшилж байгаад Улаанбаатарт ирсэн, буцаад Дорноддоо очиж багшилж явсаар хамгийн том сонгуульт ажил нь 2018-2024 онд МБҮЭХ-ны дарга, ТУЗ-ийн гишүүн болсон юм билээ. Дорнодын хүүхнүүд адтай гэдэг энэ биз. Нөгөө талаас эгэл боргил энгийн ардын төлөөлөл улс төрд байх ёстой гэж үздэг өнцгөөс бол яах аргагүй парламентад байх ёстой дүрүүдийн нэг нь тэр биз.
УИХ-ын гишүүн Цэндсүрэнгийн Мөнхтуяа
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1981-1991 онд Дорнодын 2 дугаар дунд сургууль
1991-1995 онд Дорнод Их Сургууль, Бага боловсролын багш, бакалавр
ХҮН намын хамгийн боловсрол нимгэн гишүүн
ХҮН намынхан дандаа гадаадад төгссөн гялгар боловсролтой хүмүүсээр эгнээгээ бүрдүүлсэн гэж пиар хийдэг. Тэдэн дунд уртаашаа нэг л сургууль төгссөн П.Ганзориг тоон доторх үсэг шиг харагдана. “Номин даатгал”-д Гүйцэтгэх захирал, Даатгалын холбооны Ерөнхийлөгч хийхэд нь ч түүнд боловсрол нь саад болж нимгэдээгүй. НИТХ-д 8 жил суусан намынхаа ЕНБД тэрбээр анхны парламентдаа суугаад байна.
УИХ-ын гишүүн Пүрэвжавын Ганзориг
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2001-2005 онд Монгол Улсын Их Сургууль, Математик Компьютерийн Сургууль, математикч, бакалавр
Жүжигчин гишүүн сонгуультай зэрэгцэн сургууль төгсжээ
“Баян” Баясаа энэ парламентын нэг хайр татам төрх болж буй. СУИС төгссөн жүжигчин залуу бизнест одтой нь олныг бишрүүлсэн түүх байсан ч улс төрд дан ганц СУИС-ийн дипломоор барахгүй. Тэр анхнаасаа бэлтгэлтэй байсан нь 2024 онд МУИС-ийг эрхзүйчээр төгссөнөөс харж болно. Сэтгэл зүтгэл нь түүнийг өөрөөр илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Болохгүй бол гишүүний мандаттайгаа их сургуулийн диплом авч болох нь байна шүү, нөхөд өө. Сур сур бас дахин сур.
УИХ-ын гишүүн Жадамбаагийн Баясгалан
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1999 онд Соёл урлагийн их сургууль, Жүжигчин, бакалавр
2024 онд Монгол Улсын Их сургууль, Эрх зүйч, бакалавр
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS