ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. МАН-ын дарга Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж, олонхийн саналаар сонгож баталлаа.
МАН-ын Удирдах зөвлөлд 29 гишүүн шинээр, 10 гишүүн улиран сонгогджээ.
Тодруулбал,
Ерөнхий сайд Г.Занданшатар
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар
МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар,
МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
УИХ гишүүн Ж. Ганбаатар
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
УИХ гишүүн асан Ч.Хүрэлбаатар
УИХ гишүүн М.Оюунчимэг нар улиран сонгогдсон байна. Эдгээр гишүүд бол олны нүдэнд дээр ил байдаг МАН-ын “балкад”-нууд. Тэдний улс төрд хэр олон жил бугшиж түрийвчээ хэдий хэмжээгээр түнтийлгэснийг хэн бүхэн мэднэ. Тиймээс түр алгасъя.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлд багтсан шинэ гишүүдийн хэн нь хэн бэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: Түүнийг Ерөнхийлөгчийн гарын хүн гэж хэлж болно. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үеэс нь зөвлөхийг нь хийж, хамтарч ажилласан. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ. Тэрбээр МАН-ын залуу боловсон хүчний нэг юм.
Шав, Шавь хоёроо ялгаддаггүй Б.Ану-Үжин: Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байгаа. Тэрхүү төслийн удирдагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжинг томилсон нь нилээдгүй шүүмжлэл дагуулж буй. Учир нь түүний хувьд үнэртэй усны бизнесээр олонд танигдсан төдийгүй барилгын салбарт ямар ч туршлагагүй нэгэн юм. Гэтэл түүнийг маш том хариуцлагатай төслийн удирдагчаар тавиад зогсохгүй МАН-ын Удирдах зөвлөлдөө хүртэл багтаажээ. Ах нам ч угаас хөөрхөн хүүхнүүдэд ээлтэй дээ.
Г.Занданшатартай хүч үзсэн УИХ гишүүн Г. Тэмүүлэн: Аавынхаа нөлөөгөөр улс төрд хөл алдахгүй яваа Г.Тэмүүлэн өнгөрсөн зургаадугаар сард МАН-ын даргад заалнаас нэр дэвшиж байсан удаатай. АНУ-ын American University сургуулийг төгссөн, олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр 2016, 2020 онд ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон билээ. Монголын улс төр ялангуяа Ардын намд Г.Тэмүүлэн гэхээс илүү түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж яригддаг. Учир нь 2008 онд "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол нь албан тушаал ахиулж байсан түүхтэй.
Дотуур өмдтэйгөө төсөв батлалцсан “сахал” Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлгийн дарга дээрээ гэдийж эцэст нь УИХ-ын дэд даргын сэнтийд заларсан түүнийг “сахал” Ж.Бат-Эрдэнэ хэмээн хочилдог. Тэрбээр 2000-аад оноос улс төрч болох замналаа эхлүүлж хувийн компанийн захирлын албаа өгч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга болсон нэгэн. 2007 оноос Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2012 он хүртэл ажиллахдаа “Монголын төмөр зам”, “МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байв. Дашрамд сонирхуулахад, Цар тахлын жилүүдэд УИХ цахимаар хуралдаж байх үед Ж.Бат-Эрдэнэ дотуур өмдтэйгөө төсөв батлалцсан бичлэг зураг нь олон нийтийн сүлжээнд тархаж байсан төдийгүй балетын бүжигчин бүсгүйтэй нэр холбогдсон дуулианы эзэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Тэр бол УИХ-д анх 2020 онд сонгогдсон улс төрч. Ажлын гараагаа Баян-Өнжүүл сумын Хаан баннкинд эдийн засагчаар эхлүүлж улмаар сумынхаа Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2012 оны Орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-д дэвшиж, 2016 оноос мөн аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллажээ. Сонирхуулахад, Ж.Батжаргал хэтэвчнийхээ зузаанаар ордны зааландаа сүүл мушгидаг. Саяхан МАН-ын бүлгийн даргаар томилогдоход олон нийт түүнийг анх удаа харж байна хэмээн хошигносон гэдэг.
Удирдах зөвлөлд шинээр сонгогдсон Засгийн газрын сайд нар
Ерөнхий сайд Г.Занданшатарын кабинетийн дөрвөн сайд УЗ-ийн шинэ гишүүдээр сонгогджээ. Тухайлбал,
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан УИХ гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж. Энхбаяр.
Өсвөр насны охиноо зодож, гэр бүлийн хэрүүлээ Монголын цахим “шүүх”-ээр шүүлгэсэн УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам.
Монголын түүхэнд хамгийн олон жил Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
“Зодоон, зураг хоёрыг холоос харсан нь дээр” гэдэг шиг хэл амнаас холуурхан зөрдөг УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нар багтжээ. Мэдээж эдгээр сайд нар бүгд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гарын хүмүүс гэдгийг уншигч та андахгүй биз ээ.
Парламентаас шилэгдсэн 9 гишүүн
МАН-ы Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн дунд тал талаас цугласан эрхмүүд бий. Засгийн газрын сайд нараас эхлээд нарийн бичгийн дарга нар цаашлаад зөвлөхүүд хүртэл багтсан. Нэмээд парламентаас ч мөн 10 гишүүнийг шилж сонгоод нийлүүлчихсэн харагдана.
Тэд бол, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
УИХ гишүүн Б.Уянга
УИХ гишүүн Ч.Номин
УИХ гишүүн М.Мандхай
УИХ гишүүн Д.Үүрийнтуяа
УИХ гишүүн Б. Хэрлэн
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар юм. Эдгээр гишүүдээс ажиглавал гурав нь УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалангийн хүмүүс бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Мандхай, Ч.Номин, Б.Уянга нар. Намрын турш үргэлжилсэн МАН-ын улс төрийн зодоон дунд тэд УИХ-ын даргын талд зогссон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдаанд “нүд зурам” хийхгүй хонолоо хэмээн уцаартай суусан хатагтай нар юм. Харин УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, У.Отгонбаяр, Б.Хэрлэн, Л.Энх-амгалан нар бол Ерөнхийлөгчийн талын хүмүүс. Угаас, МАН-ын Удирдах зөвлөлд багтсан гишүүдийн дийлэнхи нь Ерөнхийлөгчийн гарын хүмүүс гэхэд хилсдэхгүй.
МАН-ын Удирдах зөвлөлд багтсан нарийн бичгийн дарга нар
Баянхонгор аймгийн Засаг дарга, МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан: Ерөнхий сайдтай нутаг нэг Д.Мөнхсайхан нь Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020 оноос хойш тус аймгийн Засаг даргаар ажиллаж буй. Ажлын туршлагаас дурьдвал, "Монгол шуудан" ХХК-ийн салбарын захирал, “Их богд зам" ХХК-ийн захирал, 2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захиралаар ажилллаж байжээ.
МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва: Түүний хувьд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Thanks man” ТББ-ын тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн: Тэрбээр 1991 онд төрсөн. БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төгсжээ. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг байжээ. Өнгөрөгч 2024 оноос МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллах болсон. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавын хүү. Нэмж хэлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг хамтлагт байсан ойрын хүн нь гэгддэг.
Зөвлөхүүд УЗ-д багтсан нь
Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх А.Энхзул: Тэрбээр 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байжээ. МӨн түүнчлэн 2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар томилодож байв.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөх Б.Жавзандорж: Ихэнх хүүхэд 18 насандаа их сургуулийн босго алхдаг бол Б.Жавзандорж энэ насандаа их сургуулиа төгсөн, анхны ажилдаа орж байжээ. Таван настайдаа сургуульд орсон түүний хувьд 15 настайдаа Монгол Улсын Их сургуулийн босгыг алхаж, 18 насандаа их сургуулиа төгсөн ажлын гараагаа эхлүүлсэн гэдэг. Тэрбээр одоо 31 настай. МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Харин өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байна.
ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батцэцэг: Тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томилогдсон. Улс төр судлаач, мэргэжилтэй төдийгүй 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистрын зэрэг хамгаалж, 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгсжээ.
Ингээд МАН нийт 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрджээ. МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Г.Занданшатар , Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын фракцын 28 гишүүн. Харин УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалангийн фракцын 6 гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболдын дөрвөн хүн багтжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талын гишүүд:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг
Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
Нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин
СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж
СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг
Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
Ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнэ болон УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалангийн талын гишүүд:
УИХ-ын гишүүн М.Мандхай
УИХ-ын гишүүн Б.Уянга
УИХ-ын гишүүн Ч.Номин
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар
Хотын дарга Х.Нямбаатар

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар бо улс төрийн угшлаараа УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдын хүмүүс гэгддэг.
Үүнээс үзэхэд, МАН-ын Удирдах Зөвлөлийн 80 гаруй хувь нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүмүүс байгаа юм. Тэгэхээр ирэх жилүүдийн улс төрийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн зураглах ийм нөхцөл бүрджээ.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
