2025 оны шагналтнуудын хамгийн, хамгийн
Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
“Улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байх, тэдний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах тухай тунхаглал”.

1965 оны 12-р сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2131 (XX) тогтоолоор баталсан ийм тунхаглал бий. Үүнд тусгаснаар бол “Аль нэг улс зөвшөөрөл өгөөгүй бол нутаг дэвсгэрт нь халдаж, өөрийн хуулийг тулган хэрэгжүүлж болохгүй”. Гэсэн хэдий ч НҮБ-ын журам, тунхаглал АНУ-д огт хамаарахгүй ирснийг олон түүх гэрчилнэ. Хамгийн сүүлийнх буюу хэдхэн хоногийн өмнөх жишээ нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болов.
Их гүрэн хүсвэл “сахлаар нь оролдсон”, эсэхээс үл хамаарч алганы амт үзүүлчихдэг уламжлалтай. Энэ удаа ч АНУ бусдын нутаг дэвсгэрт халдаж, цэргийн тусгай ажиллагаа явуулснаа зөвтгөж өөрийн дотоодын хууль дүрмээр тоглох нь буруу биш гэж зүтгэсээр байгааг улс төрийн шинжээчид тэмдэглэжээ. Нэгдсэн улс хэдэн жилийн өмнөөс Мадурог оролдож эхэлсэн бөгөөд 2020 онд хар тамхи, зэвсгийн наймааны хэргээр буруутгасан. Энэ мэтээр буланд шахсаар эцэст нь Д.Трамп хоёр дахь засаглалынхаа үед хүслээ биелүүлж Венесуэл рүү тусгай хүчээр дайрч, энэ сарын 3-ны шөнө Ерөнхийлөгчийг Тэргүүн хатагтайн хамт баривчлаад, шууд Америк руу ачив. Ингээд өнгөрсөн даваа гарагт шүүхийн өмнө зогсоож, анхны сонсгол нь Нью-Йорк хотод болсон. Н.Мадуро “Би гэм буруугүй, харин хулгайлагдсан хүн” хэмээн өчсөн.
Шүүх хуралд "Би энд (яллах дүгнэлтэд) дурдсан зүйлд буруугүй. Би шударга хүн. Би одоо ч улсынхаа Ерөнхийлөгч хэвээр" гэж Мадуро мэдэгдсэн бол түүний гэргий Флорес мөн л Венесуэлийн Тэргүүн хатагтай гэдгээ тодотгоод, гэм буруугүй хэмээн өгүүлжээ. Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак үйлчлүүлэгчийг нь АНУ руу тээвэрлэх нь хууль ёсных, эсэх талаарх асуултууд байгааг тэмдэглэсэн. Харин Флоресыг хулгайлах үеэр нуруундаа гэмтэл авсан талаар өмгөөлөгч Марк Доннелли нь тодотгов.
“Айлын хүнийг” хулгайлж авчраад ганц хоногийн дараа шүүхийнхээ өмнө зогсоосон АНУ-ын энэ үйлдлийг дэлхий олон улс буруутгаж, НҮБ эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин Вашингтон "Мадурог баривчилсан нь зүгээр л хууль сахиулах байгууллагын жижиг ажиллагаа. Өөр улсын эсрэг түрэмгийлэл биш" хэмээсэн бол Бүгд найрамдах намын сенатор Том Коттон “Венесуэл үү, Арканзас муж уу хамаагүй, хар тамхины наймаачдыг баривчлахад мэдэгдэл шаардлагагүй" гэжээ. Д.Трампын “жижиг” хэмээн тодотгосон баривчилгааны үеэр тусгай хүчний багийнхан, 150 гаруй нисэх онгоц, дрон, нисэх онгоц тээгч хөлөг зэрэг томоохон хүчийг дайчилжээ.
Мадурог шүүх хурлын эхний шат өндөрлөсөн бөгөөд дараагийнх нь ирэх сард буюу 2026 оны 3-р сарын 17-нд товлогджээ. Гэтэл түүнийг баривчлах нь олон улсын хуульд нийцээгүй үйлдэл гэдгийг илтгэх өөр нэг баталгаа байгааг орос, герман зэрэг мэргэшсэн олон улсын тоймчид нийтлэлдээ дурджээ.
Энэ нь аливаа улсын төрийн тэргүүн, эсвэл өндөр албан тушаалтанд гадаад улсад эрүүгийн хэрэг үүсгэх, шийтгэх боломжгүй тухай олон улсын хууль. Гэхдээ энэ нь тухайн хүнийг гэм буруугүй гэсэн үг биш, зөвхөн дархан эрхтэй албан тушаалд байх хугацаанд нь хамгаалж буй л хуулийн тогтолцоо. Тус хуулийг Олон улсын эрүүгийн шүүхээс зөвшөөрөн баталж, Вашингтон ч санал нэгдсэн байдаг.
Тодруурбал, энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын тогтоол зэрэг олон улсын эрх зүйд тусгагдсан дипломат халдашгүй байдлын талаарх нэгэн баримт бичиг юм.
Ерөнхийлөгчийг нь өөр улсын цэргийнхэн баривчлахад 123 000 биебүрэлдэхүүнтэй Боливарын зэвсэгт хүчин (Венесуэлийн Боливарын зэвсэгт хүчин буюу FANB) яагаад хуруугаа ч хөдөлгөөгүй вэ. Үүнд урвалт, хуйвалдаан орсон гэж олон улсын шинжээчид үзэж буй. Уг нь Боливарын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд агаар, газар болон тэнгисийн цэргийн хүчин, Үндэсний гварди, мөн Боливарын үндэсний арми багтдаг. Агаарын цэргийн хүчинд нь л гэхэд Америкийн 21 F-16 A/B сөнөөгч, Оросын Су-30MKV онгоц, 12 харвагч, хөдөлгөөнт Бук-M2E пуужингийн систем зэргээр өвч зэвсэглэсэн агаарын довтолгооноос хамгаалах хүчин гээд тоочвол чадал чансаагаар гологдохгүй арми. Ямартай ч АНУ-ын баривчилгааг “хүлээн зөвшөөрсөн” шалтаг, шалтгаан байгаа нь лавтай, энэ бол тусдаа сэдэв.
“Нью-Йорк таймс” сонинд, Ерөнхийлөгчийг нь дайчлан баривчлах ажиллагааны үеэр Венесуэлийн 40 энгийн иргэн амиа алдсан гэж байгаа ч бодит тоо 100 гаруй гэдгийг олон эх сурвалж дурджээ. CBS-ийн мэдээлснээр Мадурогийн нуугдаж байсан, Каракас дахь Фуэрте Тиуна цэргийн бааз мөн цохилтод өртсөн. BBC-гийн сурвалжлагч Гарет Эванс “Америкийн тагнуулчид Николас Мадурогийн хөдөлгөөн бүрийг хэдэн сарын турш хянаж байсан” гэдгийг онцолжээ.
Вашингтон, Каракасын харилцаа

Трамп, Мадуро нараас өмнө энэ хоёр улсын харилцаа хурцадмал байдалтай явсан. АНУ Венесуэлийн социалист дэглэмийг аюул занал гэж үздэг. Гэхдээ энэ аюул нь яг юу болох нь тодорхойгүй. Америк, Венесуэлийн хоорондох зөрчилдөөн бүр 1823 онд АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жэймс Монрогийн үеэс улбаатай. Сүүлийн хоёр зууны турш АНУ Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвтгөхийн тулд "Монрогийн сургаал" гэгчийг тогтмол ашиглаж ирсэн бөгөөд хэд хэдэн удаа цэргийн оролцоотой байсан.
1999 онд социалист үзэл баримтлалтай хувьсгалч Уго Чавес Венесуэлийн Ерөнхийлөгч болсноор АНУ-ын “араанд” оржээ. Тэрбээр Ирак, Афганистан дахь АНУ-ын хөндлөнгийн оролцоог буруушаасан. Мөн 2002 онд өөрийнх нь эсрэг төрийн эргэлтийн (энэ үйл ажиллагаа бүтэлгүйтсэн) ард Америк байсан гэж мэдэгдсэн. Түүнээс хойш хоёр улсын харилцаа улам дайсагнасан байдалд хүрэв.
Харин 2013 онд Барак Обамагийн засаглалын үед Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Монрогийн сургаалийн эрин үе дууссан. АНУ одоо Латин Америкийн орнуудыг өөрийн нөлөөллийн боломжит бай биш, харин түншүүд гэж үзэх болно” гэж мэдэгдэж байлаа. Гэсэн хэдий ч Дональд Трампын үед Вашингтоны бөмбөрцгийн Баруун хагас дахь орнуудын талаарх гадаад бодлого дахин өөрчлөгдөж, сэлэм эргүүлж эхэлсэн бөгөөд 2025 онд гэхэд л Канад, Панамыг эзлэхээр заналхийлсэн.
Өндөр түвшний мансууруулах бодисын наймаа
Мадуро буруутай, үгүйгээс үл шалтгаалан хамгийн гол нь “гэрээс” нь гадаадынхан хүчлэн баривчилсанд олон улс эмзэглэж буй. Тэгвэл Мадуро үнэхээр дэлхийг хар тамхинд живүүлэх наймаачин мөн үү гэсэн асуулт зүй ёсных. Эх сурвалжуудын мэдээллээр бол тэрбээр хар тамхины наймааг цэцэглүүлэгч бөгөөд үүнийгээ хамтран хийж, “өвлөн” авсан дархан эрхтэй нэгэн гэнэ. Жишээ нь, Колумбын “El Tiempo” сонины ерөнхий редактор, мансууруулах бодисын наймааны талаар мэргэшсэн сэтгүүлч Жон Торрес "АНУ-ын албан ёсны мэдээлэл үнэнийг илчилж байна. У.Чавес, дараа нь түүний залгамжлагч Н.Мадуро нь босогчдын бүлэглэл, партизанууд болон түүний удирдагчид Маркес, түүнчлэн Тимошенко нартай холбоо тогтоож, тэдэнд зэвсэг нийлүүлж, сая сая долларын ашигтай кокаины наймаа хийх аюулгүй замыг бий болгосон" гэж бичжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Венесуэлийн удирдагчдын хар тамхины наймаанд оролцсон олон жишээг дурдсан байна. Тухайлбал, Мадурогийн хүү "Ханхүү" гэгддэг Николас хар тамхины картелийн удирдагчидтай уулзсан, “The Wall Street Journal”-ийн эрэн сурвалжлах албаныхны “мөрдсөн” Венесуэлийн армийн генералуудын бүхэл бүтэн сүлжээ гэх мэт.
Мадурог баривчилсны дараа АНУ-ын нууцаас гаргасан материалд тулгуурласан 25 хуудас бүхий яллах дүгнэлтэд "Сүүлийн 25 жилийн хугацаанд Мадуро албан тушаал, олон нийтийн итгэлийг ашиглан төрийн байгууллагуудыг авлигын сүлжээ болгож, АНУ руу хэдэн арван тонн кокаин хууль бусаар оруулсан" гэжээ. Баримт бичигт дурдсанаар бол Мадуро, түүний хамаатан садан, хамтран зүтгэгчид Колумб, Мексикийн хар тамхины картелууд, Венесуэлийн "Арагуа галт тэрэг" бүлэглэл болон бусад олон салаагаар хувь хүмүүстэй холбогдон мансууруулах бодисыг Карибын тэнгисээр дамжуулан АНУ руу тээвэрлэж байжээ.
Нью-Йоркийн шүүхэд хэлэлцэгдсэн анхны сонсголоор 2006-2008 онд хамаатай гэмт үйлдлийн баримтуудыг дэлгэсэн. Тодруулбал, Мадуро Гадаад хэргийн сайд байхдаа хар тамхины наймаачдад дипломат паспорт олгохыг зөвшөөрсөн. Хар тамхи нь АНУ-д дипломат ачаа хэлбэрээр орж ирдэг байсан гэх мэт. Дараагийн нэг хэрэг нь АНУ руу 5.5 тонн кокаин хууль бусаар оруулах оролдлого бөгөөд Мексикийн эрх баригчид үүнийг илрүүлжээ. Гурав дахь хэрэг нь Мадурогийн эхнэр Силиа Флорес, тэдний ач нартай холбоотой. Тэднийг 2015 оны намар Хаитид баривчилж, АНУ руу кокаин хууль бусаар оруулахыг завдсан хэргээр яллажээ. Тэгэхээр дараагийн шатны сонсгол эдгээр хэргээр хязгаарлагдах, эсэх нь тодорхойгүй. AP агентлагийн мэдээллээр бол Мадуро "Арагуа галт тэрэг" бүлэглэлтэй холбоотой болохыг нотлох баримт АНУ-д одоогоор байхгүй. Гэхдээ хэрэв Мадуро болон түүний эхнэр хар тамхины наймаанд оролцсон нь тогтоогдвол бүх насаар нь хорих, хөрөнгийг нь хураах, торгууль ногдуулах зэргээр яллах юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Николас Мадурогийн оронд томилогдсон Делси Родригес "эзэнт гүрний" эсрэг тэмцэхээ амласан. Улсынхаа дэд Ерөнхийлөгч байсан энэ эмэгтэйг Мадурогийн баруун гар хэмээдэг. Тиймээс Дээд шүүх нь "албадлагаар эзгүй байгаа" Мадурогийн эрх мэдлийг түүнд шилжүүлжээ. "Венесуэлд ганцхан Ерөнхийлөгч бий. Түүний нэр Николас Мадуро. Манай ард түмэн бууж өгөхгүй, хуучин, шинэ, аль ч эзэнт гүрний колони болохгүй" гэж Родригес хэлээд тусгаар тогтнолоо хамгаалахаа амласан байна.
АНУ хэн, хэнийг “түлхсэн” бэ
Вашингтон ил тод цэргийн оролцоотойгоор, зарим тохиолдолд улс төр, эдийн засаг, дипломат механизмаар үйл явцад нөлөөлж, хэд хэдэн улсын төрийн тэргүүнийг түлхэн унагасан түүх бий. Тэдний цөөнгүй нь цэргийн хүчний ажиллагааны үеэр амиа алдсан. Энэ сарын 3-нд явуулсан “Үнэмлэхүй тодорхойлолт” нууц ажиллагаагаар Н.Мадурог баривчилжээ. Энэ мэтээр төрийн тэргүүнүүдийг түлхэн унагахад хүргэсэн цэргийн болон сүүдрийн ажиллагаануудаас товчлон хүргэе.
Ташрамд сонирхуулахад, Венесуэлийн Ерөнхийлөгчийн хувиар хулгайлагдсан анхны хүн нь Мадуро биш. Өмнө нь Мадурогийн шүтээн болсон Уго Чавес 2002 онд төрийн тэргүүн байхдаа ийм байдалд хүрсэн. Гэхдээ Америкийн тусгай хүчнийхэн оролцоогүй, дотоодын сөрөг хүчнийхэн түүнийг Ерөнхийлөгчийн ордноос хүчээр гаргаж, Орчила арал дээрх агаарын цэргийн бааз руу аваачсан. Тэнд Ерөнхийлөгчийг огцрох өргөдөлд гарын үсэг зурахыг шаардсан ч Уго татгалзсан. Ерөнхийлөгчийг дэмжигчдийн шахалтаар 4-р сарын 14-нд түүнийг сулласан бөгөөд Чавес харин өөрийг нь хулгайлахтай холбоотой хүмүүсийг шүүхээс татгалзсан байдаг.
1953. Иран

1953 онд Ираны Ерөнхий сайд Мохаммед Моссадыкийг АНУ, Британийн тагнуулын албаны дэмжлэгтэйгээр төрийн эргэлтээр түлхэн унагасан. Энэ нь АНУ нууц үйл ажиллагаагаар дамжуулан эрх мэдлийн өөрчлөлтөд нөлөөлсөн сонгодог жишээнүүдийн нэг бөгөөд Иран болон хүйтэн дайны түүхэн дэх чухал үйл явдалд тооцогддог. Ардчилсан замаар сонгогдсон Ерөнхий сайд Мохаммед Моссадык тус улсын газрын тосны салбарыг үндэснийх болгох төлөвлөгөөгөө зарласны дараа эл үйл явдал болсон. 1953 онд болсон энэхүү төрийн эргэлтийг зохион байгуулахад АНУ-ын ТТГ-ын үүргийг анх удаа хүлээн зөвшөөрсөн нууц баримт бичгүүдийг 60 жилийн дараа 2013 онд Үндэсний аюулгүй байдлын архиваас анх дэлгэсэн байдаг. Энэ ажиллагаанд АНУ-ын гүйцэтгэсэн үүргийг 2000 онд Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт, 2009 онд Ерөнхийлөгч Барак Обама нар олон нийтэд ил болгосон ч тагнуулын байгууллагууд нь тайлбар хийгээгүй.
1954. Гватемал

Хөдөө аж ахуйн шинэчлэлийг Засгийн газрынхаа гол төсөл болгох "Гватемалын хувьсгал" бодлогын дагуу газар эзэмшлийн асуудлыг цэгцлэхээр Үндэсний Конгрессоос тогтоосон талбайгаас давсан ашиглагдаагүй газрыг хураан авч, тариачдад хуваарилах тухай хууль баталсан Гватемалын Ерөнхийлөгч Хакобо Арбензийг 1954 онд ТТГ-ын дэмжлэгтэй төрийн эргэлтээр түлхэн унагав. Учир нь Америкийн аварга “United Fruit” компанийн ашиг сонирхолд харшилсан. Түүнийг түлхэн унагасан нь хэдэн арван жил үргэлжилсэн иргэний дайныг өдөөж, олон мянган иргэнийг үхэлд хүргэсэн хар түүх юм.
1961. Конго

Африкийн тусгаар тогтнолын хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Патрис Лумумбаг ЗХУ-ын холбоотон хэмээн АНУ өөртөө аюултай гэж үздэг байв. Үндсэрхэг үзэлтэй тэрбээр 1960 оны 6-р сард тусгаар тогтносон Ардчилсан Конго Улсын анхны Ерөнхий сайдаар сонгогдсон. Африкийн ард түмний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн бэлгэдэл болсон түүнийг 1960 оны 9-р сард албан тушаалаас нь огцруулж, баривчилсан боловч суллагдаж, 12-р сарын 1-нд дахин хоригдсон. Энэ бүхэн АНУ-ын ТТГ холбоотой бөгөөд цуврал ажиллагааны явцад Лумумбаг түлхэн унагаж, баривчилсан. 1961 оны 1-р сарын 17-нд түүнийг хороосон.
1963. Өмнөд Вьетнам
![]()
АНУ-ын анх дэмжиж байсан Нго Динь Зьемийг Вьетнамын дайны үеэр "чадваргүй, "тогтворгүй" гэж үзэх болов. Тэр бол Бүгд Найрамдах Вьетнам Улсын анхны Ерөнхийлөгч юм. (1955–1963, Өмнөд Вьетнам). Вашингтоны зөвшөөрлөөр цэргийн эргэлтээр Зьемийг хөнөөжээ. Энэ үйл явдал нь АНУ шаардлагатай үед холбоотнуудаа ч золиослоход бэлэн гэдгийн тод жишээ болсон гэж дүгнэдэг. Түүний дүү Нго Динь Нху ч цэргийн эргэлтийн үед алуулжээ. Төрийн эргэлтийг зохион байгуулагч нь Америкийн тагнуулын агент байсан, эсэхийг батлаагүй ч Вашингтон 1975 онд нууцын зэрэглэлийн хэд хэдэн материал задалсны дараа ТТГ-ын ажилтнууд Зьемийг алах хуйвалдаанд оролцсон нь тодорхой болжээ.
1965. Доминикан

1963 онд Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч байсан, улстөрч, түүхч, зохиолч Хуан Бошийн засаглал богино хугацаанд үргэлжилсэн. Тэрбээр нийгмийн шинэчлэлийг амласан бөгөөд "Хоёр дахь Куба"-гаас айсан АНУ тус улсад цэргээ илгээсэн. Бош илүү бие даасан бодлого баримталж эхэлсэн бөгөөд АНУ-тай байгуулсан хэд хэдэн гэрээ, ялангуяа Санто Доминго хотод газрын тос боловсруулах үйлдвэр барих гэрээг цуцалж, Америкийн корпорацийн ашгийн татварыг нэмэгдүүлжээ. 1963 оны шинэ Үндсэн хуулиар газар өмчлөлийг хязгаарлаж, гадаадын иргэдэд газар зарахыг хориглов. Үүний хариуд Бош 1963 оны 9-р сарын 25-нд Америкийн тагнуулын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “няслуулж”, цөлөгдөж, хоёр жилийн дараа буцаж иржээ.
1973. Чили

Марксист удирдагч Сальвадор Альенде ардчилсан сонгуулиар засгийн эрхийг авчээ. АНУ эдийн засгийн дарамт шахалт, ажил хаялт, нууц ажиллагаа явуулснаар түүний хүчийг сулруулсан. 1973 оны 9-р сарын 11-нд генерал Аугусто Пиночетийн удирдсан төрийн эргэлтээр Чилийн удирдагч Альендег “хөнөөжээ”. Чилийн Ерөнхийлөгч, социалист үзэлтэй тэрбээр цэргийн эргэлтийн үеэр амиа хорлосон. Үүнээс хойш 17 жилийн турш тус улсад цэргийн дарангуйлал ноёрхсон.
1983. Гренада

1979 оны 3-р сарын 13-ны хувьсгалт төрийн эргэлтийн үеэр засгийн эрхэнд гарсан, социалист үзэл баримтлалтай Бишопын засаглалыг АНУ аюул заналхийлэл гэж үзэж байв. Вашингтон "Америк оюутнуудын аюулгүй байдал" гэсэн шалтгаанаар Гренадад халдсан бөгөөд 1979-1983 онд Гренадын Ардын Хувьсгалт Засгийн газрын тэргүүн байсан Морис Бишопын аминд хүрсэн. Түүнийг төрийн эргэлтийн үеэр албан тушаалаас нь огцруулж, цаазаар авчээ.
1989-1990. “Шударга шалтгаан”

Панамын Үндэсний Ассемблей 12-р сарын 15-нд АНУ-д дайн зарласны дараа болсон үйл явдал. Вашингтон Панамд "ардчиллыг сэргээхээр" "Operation Just Cause" нэртэй ажиллагааг явуулав. Мөн л хууль бус бодисын наймаа хэмээн буруутгаж, дэлхийн хамгийн чухал худалдааны усан тээврийн судас болсон Панамын сувгийг хянах хүслээ гүйцэлдүүлэх чухал шалтгаан байсан гэж олон улсын шинжээчид дүгнэдэг. Гэхдээ АНУ үүнээс өмнө энэ асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг хэдэнтээ оролдсоныг дурдах нь шударга болно. Гэсэн ч Мануэль Норьега болон түүний хүрээллийнхэн эсэргүүцсээр эцэстээ цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн бөгөөд 1989 оны сүүлчээр Панамын удирдагчийг АНУ-ын хүчнийхэн баривчилжээ. 1992 онд түүнийг хар тамхины наймаатай холбоотой хэмээн буруутгаж, 40 жилийн хорих ял ногдуулсан ч 2007 онд суллагджээ. Энэ бол АНУ гадаадын удирдагчийг өөрийн нутаг дэвсгэрт шүүсэн ховор тохиолдлуудын нэг. Гэхдээ энэ түүхийн хамгийн хачирхалтай хэсэг нь түлхэгдэн унасан Норьега улс төрийн карьерын эхэн үедээ Нэгдсэн улсын ТТГ-ын ажилтан байсан явдал юм.
1999. Югослав/Серби

1999 онд Сербид хийсэн НАТО-гийн агаарын цохилтоос гадна олон улсын дарамт шахалт Югославын Ерөнхийлөгч Слободан Милошевичийг засгийн эрхээс буухад хүргэсэн. АНУ энэ үйл явцад цэргийн болон дипломат нөлөө үзүүлсэн. Гэхдээ тэрбээр хүн төрөлхтөний түүхэнд хар мөртэй, хоморголон устгагч, дарангуйлагч байсан.
2001. Афганистан
9-р сарын 11-ний халдлагын дараа АНУ Афганистан руу довтолж, Талибаны Засгийн газрыг түлхэн унагасан. Гэсэн хэдий ч 20 жилийн дараа АНУ цэргээ татаж, Талибаны дэглэм эргэн ирсэн. Энэ хугацаанд тухайн улс өөдөлсөн нь үгүй. Энэ байдал Америкийн оролцооны нөлөөллийн талаар ноцтой асуултуудыг бий болгосон гэж шинжээчид онцолжээ. АНУ-ын нөлөө зөвхөн төрийн эргэлтээр хязгаарлагдаагүй.
2003. “Улаан үүр”

Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейний байршлыг олж, баривчлах АНУ-ын тусгай ажиллагаа үүр цүүрээр эхэллээ. Ийнхүү эрэн сурвалжлагдах үедээ тэрбээр аль хэдийнэ Ерөнхийлөгч “байхаа больсон” буюу суудлаасаа “уначихсан” статустай байлаа. Тодруулбал, тухайн цагт Ойрхи Дорнодын энэ улс Барууны түншүүдийнхээ хяналт дор эрх мэдлийн өөрчлөлт хийгээд эхэлсэн үе бөгөөд Саддам Америкийн довтолгоо эхэлснээс хойш нуугдаж байсан. Америкийн “Дельта” хүчнийхэн 13-ны үүрээр нуугдаж байсан газраас нь гаргаж, үүнээс гурван жилийн дараа Иракийн Дээд шүүх Саддам Хуссейнийг 150 шиитийн аминд хүрсэн хэрэгт буруутгаж, дүүжлэн цаазаар авах ял оноосон.
2004. Хаит

Хаитийн Ерөнхийлөгч Жан-Бертранд Аристид улсаасаа хөөгдсөн. Төрийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон тэрбээр АНУ-тай зөрчилдөөнтэй харилцаатай байв. Вашингтон түүнийг төрийн эргэлт хийсний дараа засгийн эрхэнд эргэн ирэхэд нь дэмжсэн ч 2004 онд түүнийг авлигын хэрэг болон улс орныг удирдах чадваргүй гэж буруутган цөллөгт явуулсан. АНУ түүнийг тогтворгүй байдлын эх үүсвэр хэмээн 1991 онд түлхэн унагааж, 2004 онд дахин зайлуулсан. Өөрийгөө "төрийн эргэлт, орчин үеийн хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч" гэж тодорхойлсон Аристид эхлээд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад, дараа нь Өмнөд Африкт цөллөгт байсан. 2011 оны 3-р сард Вашингтоны эсэргүүцлийг үл харгалзан тэрбээр эх орондоо буцаж ирсэн ч улс төрөөс “зай авсан” хэвээр байна.
2011. Ливи

Ливийн удирдагч Муаммар Каддафи суудлаасаа түлхэгдсэн нь хэдийгээр Вашингтонтой шууд холбоогүй ч үйл явдлын үеэр АНУ зэрэг НАТО-гийн агаарын ажиллагаа Каддафийн дэглэм нурахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. “Каддафийг АНУ шууд бус цэргийн дэмжлэгээр олон улсын оролцоотой засгийн эрхээс гарах замыг нээсэн” гэж шинжээчид дүгнэдэг. 1977 онд Ливийг Жамахири буюу "олон нийтийн улс" хэмээх шинэ социалист улс болгон өөрчилсөн Каддафи албан ёсоор засаглалын бэлгэдлийн үүрэг гүйцэтгэсэн боловч тэрслүү үзэлтэй хүмүүсийг цагдан хорих, дарах үүрэгтэй цэргийн болон хувьсгалт хороодын дарга хэвээр байв. 1970, 1980-аад онд Ливи Египет, Чадтай хилийн зөрчилдөөн, гадаадын дайчдыг дэмжиж, Шотландад болсон Локербигийн бөмбөгдөлтөд хариуцлага хүлээсэн нь түүнийг дэлхий дахинд улам бүр ганцаардуулсан. Ялангуяа Израиль, АНУ, Британитай дайсагнахад хүргэснээр 1986 онд АНУ Ливийг бөмбөгдөж, НҮБ-аас энэ улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. НАТО Каддафийн эсрэг Үндэсний шилжилтийн зөвлөлийн талд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцож, Засгийн газрыг түлхэн унагахад Каддафи төрсөн хот Сирт рүү зугтсан ч Үндэсний шилжилтийн зөвлөлийн дайчдад баригдсан. Түүнийг 2011 оны 10-р сарын 20-нд хороосон.
“Гүргэр” Фидель Кастро

АНУ-ын бүх оролдлого амжилттай болоогүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Кубын удирдагч Фидель Кастро Вашингтоны улс төр, эдийн засаг, тагнуулын дарамт шахалт, түүнчлэн олон тооны аллагын оролдлогыг үл харгалзан хэдэн арван жилийн турш эрх мэдлээ хадгалж чадсан. Энэ баримт нь АНУ-ын нөлөө үргэлж үр дүнд хүрдэггүйн тод жишээ болж түүхэнд бичигдсэн.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
