Бруклин Бекхэмийн гэр бүлийн замнал: Дэлхийн хамгийн шилдэг гэр бүлээс хагарсан харилцаатай гэр бүл болон хувирлаа
Компаниудынх нь тоо 100 хүрч, лицензүүдийнх нь тоо 10 давсан Б.Чойжилсүрэн сайд улсад жилд 30 тэрбумын татвар төлдөг
16, 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо
Өнгөрөгч оны 7 сард нэр нөлөө бүхий айлын хүүхдүүд, бидний хэлж заншсанаар томчуудын хүүхдүүд бүлэглэн зодоон хийж танхайрсан, нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан шуугиантай хэрэг гарч байв. Угаас хөрөнгө чинээтэй эрхмүүдийн орооцолдсон асуудал жирийн иргэдийнхээс илүүтэйгээр олны анхааралд орж, хэл ам дагуулдаг жамаар чухамдаа Монголын нэр бүхий хөрөнгөтнүүдийн хүүхдүүд оролцсон зодоон учраас шууд олны анхаарлын төвд орж, асар их дуулиан шуугиан тарьсан билээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” группийн Ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “Таван Богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нар хоорондоо зодолдан танхайрахдаа хохирогч Д.Саяннямбуугийн биед хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн.
Хохирогч Д.Саяннямбуу ч жирийн айлын хүүхэд биш. Түүний аав Д.Дашзэвэг нь цагдаагийн хурандаа цолтой, хууль хүчний байгууллагад цөөнгүй жил ажилласан, энэ салбартаа нөлөө бүхий нэгэн. Мөн зодооны эхлэл сэдлийг төрүүлж, Ц.Санжаачойпэлийн найз охин Х.Хүслэнг өдөж хоргоосон Б.Өлзийсайханыг олон нийтийн сүлжээнд саяхан ЦЕГ-ын даргаар томилогдсон Ж.Болд генералын хүү гээд байгаа боловч үнэн хэрэгтээ ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй. Товчхондоо энэ хэрэгт холбогдсон субьектүүд бүгд нэр нөлөө бүхий айлын хүүхдүүд гэсэн үг.
Тус зодооны хэргийн гэм буруугийн шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний 14 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлогдсон.
13 цаг 30 минутын орчимд шүүх хуралдааны цаг дөхөж шүүгдэгчид, өмгөөлөгчдийн хамт цуварч ирлээ.
“Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан өөрийн брэндээрээ гоён, рекламны зураг авалтад орж буй модель мэт ихэмсэг алхаж ирсэн нь эрхгүй анхаарал татаж байв. Тэрээр “Говь” брэндийн хар өнгийн пальто, бор шаргал малгайтай маск зүүсэн байлаа.
Харин УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпил хар өнгийн куртик, хар цамц, хар өмд өмссөн байлаа. Тэрээр тухайн зодооны үеэр ч мөн бүх хувцас нь хар өнгөтэй байсан гэдгийг шүүх хуралдааны үеэр хэлж байсан юм. Магадгүй түүний стиль бололтой.
Хохирогч Д.Саяннямбуу өмгөөлөгч н.Сарантуяа болон ажиглагчаар оролцох ар гэрийн нэг хүний хамт ирсэн юм. Шүүгдэгч Л.Алтан-очир мөн өмгөөлөгчийн хамт шүүх танхимд оров.
Ингээд прокурор н.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Балдиргана, нарийн бичгийн дарга, шүүх хуралдааныг даргалагч, шүүгч н.Сувд-Эрдэнэ алх цохиж шүүх хуралдаан эхлэв.
Шүүхийн танхимд Улсын яллагч буюу прокурор Отгонбаатар баруун гар талд нь шүүгдэгч нарын өмгөөлөгч нар эгнэн сууж үргэлжлээд шүүгдэгч Д.Саяннямбуу, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар суусан байв. Мөн шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн ар гэрээс ажиглагчаар нэг хүн оролцсон юм.
Энэ хэрэгт Д.Саяннямбуу, Ц.Санжаачойпэл нар хохирогч, яллагдагчийн статусаар оролцлоо. Учир нь тухайн үед харилцан зодоон үүссэн. Д.Саяннямбуу ч мөн зодолдсон учраас яллагдагчаар татагдаж харин Ц.Санжаачойпэлд хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул ийнхүү хохирогчоор оролцож буй аж. Мөн Ц.Санжаачойпэл хоёр өмгөөлөгчтэй оролцлоо.
Шүүх хуралдааны эхэнд, прокурор н.Отгонбаатар гэрчүүдийн мэдүүлгийг уншиж танилцуулсан юм. Үргэлжлүүлэн шүүх хуралдаанд оролцож буй шүүгдэгчид прокурорт мэдүүлэг өгснийг товчлон сийрүүлбэл:
Хохирогч болон яллагдагч Ц.Санжаачойпэл: Би мастерынхаа дипломоо хамгаалахаар АНУ руу хоёр хоноод буцах гэж байсан. Тэр орой найзуудтайгаа хоол идчихээд Канте гэдэг баар орсон. Тухайн бааранд Д.Саяннямбуу, У.Өлзийсайхан нар хажуу ширээнд сууж байсан. У.Өлзийсайхан найз охиныг маань хоргоогоод байсан. Дотор асуудал болоогүй, мэндлээд өнгөрсөн. Найз охин маань баарнаас түрүүлж гарсан. Гэтэл араас нь гарахад гадаа хоргоогоод зогсож байсан. Маргаан эхэлж, би түрүүлж цохисон. Гэнэт зүүн талаас гурав дахь хүн гарч ирсэн. Тэр нь хохирогч Д.Саяннямбуу байсан юм билээ. Баруун гараа далайж байгаа юм шиг санагдаад би цохисон. Удалгүй би найз охиноо аваад явах гэж байхад таксинд тэд нийлж зодсон.

Хохирогч болон яллагдагч Д.Саяннямбуу: Тухайн газрын гадна найзуудыгаа хоол идэх үү гээд асуугаад зогсож байхад хажуугаас ирээд цохисон. Түүнээс хойших үйл явдлыг сайн санахгүй байна. Ц.Санжаачойпэлийн найз охин Х.Хүслэнг танихгүй. Харж байгаагүй. Миний нүд цаашаагаа чихэгдэж орсон. Нүүрний яснууд хугараад мах руугаа орсон байсан. Хамар маань бутраад хугарчихсан. Тархинд цус харвалттай, шүд сэтэрсэн байсан. Гэмтлийн улмаас би 6 цаг хагалгаанд орсон. Дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардал, хор хохирол, сэтгэл санааны хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.

Яллагдагч Б.Амарсайхан: Бид найзуудаараа бааранд ороод хоёр цагийн хугацаа болсон. Хажуу талын ширээнд байсан н.Майдар, У.Өлзийсайхан, н.Сэргэлэн гэдэг хүмүүсийг олон жил таньдаг. Хамт сагс тоглодог байсан хүмүүс болохоор мэндлээд, дотор ямар ч асуудал болоогүй. Баар хаагаад 3 цаг 30 минутын үед бид бүгд гарч, миний бие найз охинтойгоо хүмүүстэй ярилцаад байж байхад цаана хүмүүс маргалдаж байсан. Таньдаг хүмүүс болохоор маргалдаад зодоон хийгээд байхгүй байлгүй дээ, гэхдээ маргалдаж байгаа юм чинь болиулъя, тайтгаруулъя гэж удаа дараа хичээсэн. Тэдэн дундаас Д.Саяннямбууг таньдаггүй. Ямар ч асуудал байгаагүй. Машины дунд цохисон үйлдэл хийгээгүй. Д.Саяннямбуу болон найзуудаа болиулаад байж байхад тэдний найзууд манай найзууд руу дайрах, орилох, хашхирах үйлдэл үзүүлсэнтэй холбоотой би найзуудаа салгах гэж нэлээн хичээсэн. Д.Саяннямбууд учирсан хохиролд харамсаж, гэмшиж байн”.

Яллагдагч Л.Алтан-Очир: Баарны гадна би тамхи татаад зогсож байсан. Тэр үед танай найзууд хүмүүстэй муудалцаад байна гэсэн. Би зодооныг салгах гэж очсон. Зодооныг салгасан ч Д.Саяннямбуу дахин ирж зодоон үүсгэсэн. Тэгэхэд би Д.Саяннямбууг цохисон. Ингээд зодоон болсон. Хүлээн зөвшөөрч байна. Би эрүү, цээж, хоёр гарын шуу, өвдгөндөө гэмтэл авсан.

Тэд иин мэдүүлсэн бөгөөд Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нар хохирогч Д.Саяннямбуугаас уучлалт гуйж, харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.
Шүүх хуралдаан өдрийн 14 цаг 20 минутын орчимд эхэлж нийт 8 цаг гаруй үргэлжилсэн. Шүүх хуралдааны танхимд өмгөөлөгч, прокурор нар мэтгэлцэж уур амьсгал халуухан хурал болсныг онцлох нь зүй.
Шүүгдэгч С.Амарсайхан шүүх танхимд соёлтой боловсон мэт боловч үнэндээ хэт албан ёсны үг, үйлдэлтэй байв. Хохирогч Д.Саяннямбуугийн хэл яриа нь сайн ойлгогдохгүй байсан төдийгүй ихэнх асуултад “би сайн мэдэхгүй, санахгүй байна” гэсэн хариултыг өгч байлаа. Энэхүү нөхцөл байдлаа биеийн байдал нь сайжраагүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байлаа.
Харин Ц.Санжаачойпэл шүүх хуралд илэн далангүй, чөлөөтэй оролцсон шүүгдэгч байв. Болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярьж, өөрийгөө ч өмгөөлж, “Би үгээ дуусгачихъя, болох уу” хэмээн үг хэлэх эрх чөлөөгөө ч эдлэхийг хүсч байсан юм.
Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн нарын хувьд төвийг сахиж шүүгч, өмгөөлөгч, прокурорын асуултанд товч тодорхой хариултуудыг өгч байлаа.
Өмгөөлөгч нарын тухайд хохирогч Д.Саяннямбуугийн өмгөөлөгч н.Сарантуяа чамгүй уцаарлаж, ундууцсан байдалтай, шүүгч нартай маргасан, сөрсөн маягтай харин Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн нөхцөл байдлыг өөр өнцгөөс нотлох баримттайгаар гаргаж ирэн логик үндэслэлтэй тайлбарлаж байсан нь түүний үйлчлүүлэгчид сайнаар нөлөөлж тэрбээр яллагдагчаас гадна хохирогч статустай болоход хүргэсэн болов уу. Түүнээс мэргэжлийн өндөр ур чадвар үнэртэж байсныг дурдах нь зүй.
Түүнчлэн Ц.Санжаачойпэлийн хоёр дахь өмгөөлөгч хэлэхдээ шүүх прокурорыг баримт нотолгоон дээр бус олон нийтэд таалагдах гэсэн шийдвэр гаргахгүй байхыг хүсье гэсэн нь өнөөгийн нийгэмд ихэнхи шийдвэр гаргагчид олон нийтэд таалагдах хандлага руу хазайх нь элбэг болсныг эгзгийг нь олоод чимхээд авсан явдал байлаа.
Түүнчлэн Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч “Энэ хэрэгт холбогдсон хүүхдүүд нэр нөлөө бүхий айлын хүүхдүүд учраас заавал “хорих” ял оноох гээд байх шиг байна. Хүнийг яс үндэс, нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс үүнийг анхаарч өгөхийг хүсч байна” гэсэн нь мөн голыг нь олсон үг байлаа.
Харин “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайханы өмгөөлөгч үйлчлүүлэгчээ хөрөнгө чинээтэй гэдгийг нь илүү тодотгов уу гэлтэй “Нэр хүндтэй том компанийн гүйцэтгэх захирал учраас хорих биш торгуулийн ял өгөхийг хүсч байна” хэмээсэн нь тус шүүх хурлын туйлын “тэнэг” аргумент байлаа. Хэдийгээр хэн бүхний хувьд ял шийтгэлийг биеэр эдлэхийн оронд мөнгөөр “төлж” барагдуулах нь илүү дээр байдаг ч гэлээ шүүх танхимд хөрөнгө мөнгөө гайхуулах мэт ингэж эрээ цээргүй ярих нь этикийн хувьд зохимжгүй асар дээрэнгүй хандлага юм. Ялангуяа “Таван Богд” групп, “Говь” ХК-ийн өв залгамжлагч, гүйцэтгэх удирдлагын хувьд тэд нийгэм, олон нийтдээ үлгэр дуурайл, соёл, жишиг тогтоох үүрэгтэй билээ. Асуудалд яг үүнчлэн хөрөнгө чинээтэй хүний дээрэнгүй байдлаар хандах нь жирийн иргэд, олон нийтийн эгдүүцлийг хүргэдэг гэдгийг цаашид ч гэсэн санаж явах нь тустай биз ээ. Таарсан таар шуудайнууд гэдэг шиг “Таван Богд”-ын Ц.Баатарсайхантайгаа яг таарсан ийм өмгөөлөгч бидний дунд бас байдаг байх нь ээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун.
Шүүх хуралдааны үеэр шүүгдэгчид хохирогч Д.Саяннямбууд 1.5 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал олгосныг өмгөөлөгч нар нь хэллээ. Тухайлбал, Д.Саяннямбууг гадаад руу эмчилгээнд явахаас өмнө хамгийн түрүүнд Ц.Санжаачойпэл 201 сая төгрөг эмчилгээний зардалд өгч дараа нь нэмж 260 сая төгрөг шилжүүлсэн гэв. Харин шүүгдэгч Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нар тус бүр 518 сая төгрөг, шүүгдэгч Л.Алтан-Очир 67 сая төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн аж.
Сонирхолтой нь,
Ердийн байр сууринаас харахад залуу, сагсуу хэдэн найзуудын хоорондын зодоон гэвч оролцогчид нь нэр нөлөө, хөрөнгө чинээ бүхий хүмүүсийн хүүхдүүд учраас тэр хэрээр шуугиан тарьж, олны анхааралд орсон тус танхайн хэргийн шүүх хурлын уур амьсгалд 8 цаг суухад уран сайхны кино үзэж буй мэт сэтгэгдэл төрж байсныг хуваалцъя. Тухайлбал, шүүгч нь өмгөөлөгчийг загнаж, ундууцаж, шүүгдэгчид нь прокурортой өндөр дуугаар харьцаж буй зэрэг нь шүүх хуралдаанд оролцогчид ял, шийтгэл авах вий гэсэн ямар ч айдасгүй, шүүхийн эцсийн шийдвэрийг бүх тал урьдчилсан тохирсон байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. Үүнийг шүүх засаглал, шүүгчид худалдагдсан, авилгад идэгдсэн гэж хардахаасаа илүү шүүх хуралд оролцогчид бүгдээрээ найзууд, бүгдээрээ хөрөнгө чинээтэй айлын сагсуу саагиу хүүхдүүд учраас хэн, хэн нь нөхцөл байдлаа ойлголцож, харилцан буулт хийж, тохиролцсон байх гэж дүгнэж болохоор.
Түүнчлэн хохирогч Д.Саяннямбуу хэдий хүнд гэмтэл авч олон удаагийн эмчилгээнд орсон ч гэж байгаа боловч үнэн хэрэгтээ хэт сүржигнээд, “жүжиглээд” байна уу гэмээр байдал анзаарагдаж байлаа. Тэрээр ихэнх асуултанд “мэдэхгүй, санахгүй байна” гэж ээрч мууран хариулж байсан юм.
Ийн бүтэн 8 цаг хуралдсаны эцэст шүүх шийдвэрээ гаргасан нь
Эл шийдвэрт олон нийтийн зүгээс бухимдаж, шүүмжилсэн өнцөг нь дээрх шүүгдэгчид хорих ял авч “шоронд хатах” ёстой хэмээх байр суурь. Энэ нь манай нийгэм баян, хөрөнгө чинээтэй хүмүүст хичнээн дургүй ханддаг болсны тод илрэл гэлтэй. Харин ийм байр суурийн өөдөөс өмгөөлөгч Б.Мэргэн оновчтой ч гэмээр хариулсан нь “Манай нөхцөлд хүн шоронд орвол буцаж нийгэмшиж чаддаггүй. Зориуд гэмт хэрэг үйлдээд буцаад шорон руугаа явдаг. Өөрөөр хэлбэл хорилоо гээд нийгэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нэг ч өдөр байхгүй. Анхны мэдүүлэг дээрээ хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн юм.
Эцэст нь хэлэхэд “Баян хүнийг балаг тойрдоггүй” гэдэг. Чухамдаа баян айлын хүүхдүүд хоорондоо зодолдсон учраас тэнд дундаас хамгийн их гэмтэл авсан нь бараг хожчихсон юм биш үү ч гэж болохоор...
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
