Б.Мэргэн өмгөөлөгчийн алдартай хэргүүд болон түүний тухай сонирхолтой 10 баримт
Ө.Содгэрэл дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй “BoF 500 Class of 2025”-д багтсан анхны Монгол хүн боллоо
Дэлхийн улс орнуудад хамгийн чухал салбаруудыг төрийн бодлогоор дэмжиж, ажиллагсдын цалин хангамж нь бусад салбартай харьцуулахад 2 дахин өндөр байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ хамгийн чухал салбаруудын цалин хөлс нь бага, буруу бодлого шийдвэрийн үр дүнд бүлэглэл, авлигалд идэгдсэн байдаг. Тухайлбал, эрчим хүчний салбар.
Жил жилийн идэр есийн хүйтнээр Улаанбаатар хот даяараа цахилгаан тасарч 21-р зууны хүүхдүүд лааны гэрэлд хичээлээ хийж сууна. Үүнээс гадна хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг энэ салбарын ажилчид хамгийн “ул”-ны цалинг авч байна. Улны гэж хэлэхийн учир нь дэлхийн жишигт эрчим хүчний салбарын ажилчид багадаа 20-30 сая төгрөгийн цалин хангамж авдаг байна. Гэтэл манай улсын эрчим хүчний салбарынхан хүнд хортой нөхцөлд ажилладаг хэрнээ сарын үндсэн цалин нь дунджаар 1.8 сая төгрөгийн цалин авч байна.
Ийм ч учраас салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо/ Эрчим хүчний яамтай удаа дараа хэлэлцээр хийж, шаардлагыг хүргүүлсэн боловч цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул тэд ажил хаялт зарлахад бэлэн байгаа гэв.
Энэ талаар бид МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга, Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн үйлдвэрчний эвлэлийн талын ахлагч Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
- Жил жилийн өвөл Улаанбаатар хот даяараа цахилгаан тасардаг асуудал энэ жил олон хоногоор тасарч ноцтой байдалд хүрсэн. Идэр есийн хүйтнээр нилээдгүй олон өдөр, хоногуудад цахилгаан тасарч иргэд халаалт дулаангүй зутарсан. Яагаад ийм асуудал үүсэхэд хүрэв?
-Монгол Улсын эрчим хүчний салбар чадлын дутагдалд ороод удаж байна. Шинэ техник технологи нэвтэрч, шинэ цахилгаан станц ашиглалтад орсон хэдий ч эрчим хүчний чадлын дутагдлыг бүрэн арилгах хэмжээнд хүрч чадаагүй байна.
Шулуухан хэлэхэд хуучирсан техник технологитой үнэндээ мэргэжлийн туршлагатай ажилчдын нуруун дээр явж өнөөг хүрлээ. 2025 оны өвөл Дөрөвдүгээр цахилгаан станц дээр гарсан томоохон гэмтэл, мөн шинээр ашиглалтад орсон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан асуудал бол энэ салбар удирдлага, зохион байгуулалтын дутагдал, шинэ техник, технологийн хоцрогдолд орсны том илрэл юм. Дөрөвдүгээр цахилгаан станцын хувьд бол олон жилийн эдэлгээнээс болж зуухны гэмтлүүд гарсан. Үүнийг олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд өдөр шөнөгүй ажилласны хүчинд давж гарсан. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станц бол хэдий шинэ ч гэсэн нүүрс хөлдсөнөөс шалтгаалж зуухнууд нь ажиллах боломжгүй болсон.
Судалгаа тооцоогүйгээр ямар нэгэн станц, бүтээн байгуулалт барьвал дараа нь үүсэх нөхцөл байдал энэ мэт хүндрэлтэй тулгардагийн тод жишээ болсон.
- Үе үеийн сайд, дарга нарт энэ асуудлыг шийдэх боломж байсан л байх даа?
-Боломж байсан. Жишээ нь, Төр, хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтаар Багануурын дулааны цахилгаан станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэргийг барих боломжууд байсан. Мөн сэргээгдэх эх үүсвэрээр буюу усан цахилгаан станцууд Эг, Шүрэн голын усан цахилгаан станцуудыг барих боломж ч байсан. Харамсалтай нь, манай төрийн харалган бодлого, хувийн эрх ашгийн сонирхлоос болж эрчим хүчний салбар өнөөдрийн энэ шавар шалбаагт унаад байна.
Тэд Монгол Улсын эрх ашгийг бодохоос илүүтэйгээр компанийн, бүлэглэлийн эрх ашгийг дээгүүр тавьснаас болж эдгээр станц ашиглалтад орж чадаагүй.
-Дулааны цахилгаан станцын тоноглол дахин эвдэрч бид дахин тоггүй суух магадлал бий юу?
-Манай дулааны цахилгаан станцууд бүгд 40-өөс дээш жил ашигласан, тоног төхөөрөмжүүд нь хуучирсан, хэзээ осол аваар гарах нь мэдэгдэхгүй нөхцөл байдалтай байгаа. Үүнээс шалтгаалж маш олон осол аваар гардаг. Тухайлбал, IV цахилгаан станц дээр хоёр удаагийн осол гарсан бол III цахилгаан станц дээр осол гарч хүний амь нас эрсэдсэн. Хэдий шинэ цахилгаан станцууд баригдаж ашиглалтад орлоо ч гэсэн бид Дархан, Эрдэнэт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцуудаа ашиглана. Тиймээс хуучин цахилгаан станцуудаа засварлаж сайжруулж авахгүй бол эрчим хүчний чадлын дутагдлаас ангижирч чадахгүй.
-Эрчим хүчний салбарын ажилчид ямар нөхцөлд ажиллаж байна вэ?
-Эрчим хүчний салбарын нийт ажилчдын 80 хувь нь халуун, хүнд, хортой, тоосжилт ихтэй нөхцөлд ажилладаг. Энэ хүнд нөхцөлөөс тэтгэвэрт гарч байгаа ажилчид дээд тал нь 5-10 жил л амьдарч байна. Зарим нь тэтгэвэрт гарахаасаа өмнө амь насаа алдах эрсдэл түгээмэл байдаг. Тиймээс ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах, хөдөлмөрлөх нөхцөл, ажлын орчныг сайжруулах бас нэг тулгамдсан асуудал энэ салбарт бий.
Орчин үед дулааны цахилгаан станцууд дээр ажилчид нь цагаан халадтай явж байдаг болсон. Гэтэл манай станцууд тоос тортог дунд зарим газар үнс зайлуулах систем байхгүйгээс үнсээ зайлуулахдаа хүртэл ажилчин хүн, гар аргаар усан дотор ажиллаж байх жишээтэй. Энэ нөхцөл байдал, ажлын байрны орчинг сайжруулахгүй бол салбарын ажилчдын амь нас өндөр эрсдэлд байсаар байна.
Мөн сүүлийн жилүүдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллаж буй ажиллагсдын цалин хөлсний асуудал. Эрчим хүчний салбарын ажилчид нийгмийн амжиргааны түвшинг хангахуйц цалин хөлс авч чадахгүй байна. Дэлхийн жишигт эрчим хүчний салбарын ажилчид бусад салбараас хоёр дахин өндөр цалинтай байдаг. Гэтэл манай улсад дунджаар 1,8-2,5 сая төгрөгийн үндсэн цалинтай байна.
Бид энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр жил тутамд Эрчим хүчний яамтай хамтын хэлэлцээр хийдэг. Гэвч тус яамнаас салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэх боломжгүй гэдэг шийдвэрийг удаа дараа өгсөн. Тиймээс бид хуулийн дагуу дараагийн шат болох хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгээд явж байна. Энэхүү маргаанаар хоёр тал тохиролцож чадахгүй бол ажилчид ажил хаялт зарлах нөхцөл байдалд хүрэхэд ойрхон байгаа.
-Тэгвэл ажилчид цалингийн доод хэмжээг хэдэн төгрөгт хүргэхийг хүсч байна вэ?
-Эмч, багш, ТҮК-ийн ажилчид гэх мэтчилэн ихэнх салбарын үндсэн цалин 3,5 сая төгрөгөөс дээш болсон. Гэтэл хамгийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллаж байгаа эрчим хүчний салбарын ажилчид дунджаар 1,8 сая төгрөгийн үндсэн цалин авч байна гэдэг шударга биш байгаа биз дээ. Товчхондоо цалингийн доод хэмжээг 3,5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна.
-Цалин нэмэх боломжгүй гэх шалтгааныг ЭХЯ-наас юу гэж тайлбарладаг вэ?
-Нэгдүгээрт, энэ салбарт хөрөнгө оруулалтыг хассан буюу Засгийн газрын шийдвэрээр хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон гэдэг.
Хоёрдугаарт, Засгийн газраас цахилгаан, дулааны үнэ тариф нэмэхийг хориглосон шийдвэр гаргасан.
2024 онд цахилгаан дулааны үнэ тарифыг нэмэх шийдвэр гаргасан боловч цахилгааны тарифыг нэмээд дулааны тарифыг нэмж чадаагүй. Үүнээс шалтгаалж 2025 онд салбарын ажиллагсдын цалинг 10 хувиар нэмсэн. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дулааны үнэ нэмэгдсэнээр ажилчдын цалинг нэмнэ гэж өмнөх хэлэлцээрт ярилцсан. Гэвч энэ удаагийн хэлэлцээрээр нэмэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.
-Та бүхэн ЭХЯ-нд цалин нэмэх ямар боломжуудыг санал болгосон бэ? Ер нь бодит нөхцөл байдалд цалин нэмэх бүрэн боломж байгаа юу?
-Бий. Нэгдүгээрт, Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо Монгол улсын хуулийг мөрдөх үүрэгтэй. ЭХЗХ-оос хуульд заасны дагуу цахилгаан, дулааны үнэ, тарифыг нэмэгдүүлсэн. Хуулийг зөрчин цахилгаан, дулааны үнэ, тарифыг нэмэхгүй гэж Засгийн газраас шийдвэрлэсэн бол зайлшгүй шаардлагатай зардлууд, тэр тусмаа цалин хөлсийг татаасаар шийдэж өгөх ёстой. Яагаад гэвэл энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн баталгааг хангах нь улс орны аюулгүй байдалтай шууд хамааралтай маш чухал асуудал учраас.
Хоёрдугаарт, энэ салбарт хэмнэлт үр ашгийн асуудал чухлаар яригдах ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгүй илүү орон тоо болон захиргааны зардлуудыг танах хэрэгтэй. Жишээлбэл, Засгийн газар төрийн хэмнэлтийн тухай хууль дүрмийг зөрчиж менежерүүдийг томилсон. Тухайлбал 27 ТӨК-ийн нэг компанид доод тал нь 2 менежер, дээд тал нь дөрвөн менежер томилогдсон. Энэ хүмүүсийн зардал жилдээ 2,5 тэрбум орчим төгрөг байдаг. Тэдгээр менежерүүд сард 4-5 сая төгрөгийн цалинтай, дээрээс нь өрөө тасалгаа, машин унаа, туслах, зөвлөх гээд маш өндөр зардалтай. Эдгээр зардлыг танаж ажилчдынхаа цалинг нэмэх хэрэгтэй.
Гуравдугаарт, Эрчист Монгол компанийн асуудал бий. Эрчим хүчний нэг компаниар жишээ авахад л 400-500 сая төгрөгийн хураамжийн зардлыг Эрчист Монгол ХХК-нд өгөхөөр зорилтот төвшиндөө тусгаад байна. Улмаар 27 компаниудын хэмжээнд 2026 онд 7-8 тэрбум төгрөгийг өгөхөөр тусгаж байгаа талаар ЭХЯ-аас мэдээлэл өгсөн.
Дөрөвдүгээрт, Их, урсгал засварын хөрөнгө оруулалтын зардлыг хэт өндөр тавьсан байна. Мөн шаардлагагүй, тэвчиж болох зардлууд ч байна.
Энэ зардлуудыг хэмнэж ажилчдын цалин хөлсийг нэмэхэд зарцуулах нь зүйтэй.
-Цаашид эрчим хүчний салбар яаж хөгжих вэ?
-Өмнө нь бид эрчим хүчний салбарт техник технологийн гэмтэл, шинэ дэвшилтэт технологитой уялдсан асуудлуудыг ярьдаг байсан бол одоо энэ салбарын хамгийн том асуудал нь хүний нөөцийн дутагдал болсон. Тухайлбал, хүний нөөцийн дутагдлын асуудлаар салбарынхаа ажилчдаас тодорхой хэмжээний судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын 90 хувь нь эрчим хүчний салбар хүний нөөцийн дутагдалд орсон гэсэн байна. Учир нь маш хүнд, хортой нөхцөлд ажилладаг хэдий ч цалин хэт бага учраас залуу төгсөгчид энэ салбарт ажиллах сонирхолгүй болсон. Улмаар ахмад мэргэжилтнүүд тэтгэвэрт гарахад залгамж халаа байхгүй болсон гэсэн үг.
Мөн орон нутагт боловсон хүчний хомсдол бий болсон. Шалтгаан нь, уул уурхайн компаниуд болон шинэ ашиглалтад орж байгаа станцууд өндөр цалин амладаг учраас тэдгээр газрууд руу явдаг. Тиймээс хамгийн гол асуудал техник технологи шинэчлэх байсан бол одоо хүний нөөцийн асуудлаа шийдэх ёстой болсон. Тус салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэхгүйгээр, нийгмийн баталгааг нь хангахгүйгээр мэргэжлийн, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах ажилтны тухай ойлголт байхгүй. Үүнийг онцгой анхаарахгүй бол энэ салбар хүнд нөхцөлд орж, эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэх болно.
Ярилцсан М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
