Галт тэргэнд мэндэлсэн нь
Нуриевагийн амьдрал бүхэлдээ өөрийн өвөрмөц ертөнц дунд өнгөрсөн бөгөөд түүний төрөлт ч мөн адил ер бусын байв.
Тэрээр 1938 оны гуравдугаар сарын 17-нд "Байгал" нуурын орчимд Владивосток руу явж байсан Транс-Сибирийн хурдан галт тэргэнд мэндэлжээ.
Хожуу эхэлсэн замнал
Мэргэжлийн балетчид ихэвчлэн бага наснаасаа хичээллэж эхэлдэг бол Нуриев 17 настайдаа л Вагановагийн нэрэмжит Ленинградын балетын сургуульд элсэн орж байжээ. Хэдийгээр хоцорч эхэлсэн ч түүний гоц авьяас, цуцашгүй хөдөлмөр нь богино хугацаанд сургуулийнхаа шилдэг бүжигчин болгосон юм.
Барууны ертөнц рүү зугтсан нь
1961 онд Кировын балет Парист аялан тоглолт хийх үеэр Нуриев Зөвлөлтийн КГБ-ын хяналтаас мултран, Ле Бурже нисэх онгоцны буудал дээр францын цагдаа нараас улс төрийн орогнол хүсэж, Баруун руу зугтсан байдаг. Энэ нь "хүйтэн" дайны үеийн хамгийн том урлаг соёлын дуулиануудын нэг болсон юм.
"Үүрдийн хос" Марго Фонтейн
Тэрээр Английн Хатан хааны балетын театрын "тэргүүн гоцлооч, өөрөөсөө 19 насаар эгч Марго Фонтейнтой хослон бүжиглэсэн нь балетын түүхэн дэх хамгийн агуу хамтралуудын нэг гэгддэг. Тэдний тайзны харилцан ойлголцол, гайхалтай зохицол нь дэлхий дахиныг байлдан дагуулж байлаа. Нуриев нэг ярилцлагатаа "Марго Фонтейн бид хоёр нэг бие, нэг сэтгэл шиг бүжиглэдэг байсан" гэж хэлсэн удаатай
Эрэгтэй бүжигчдийн үнэлэмжийг өөрчилсөн нь
Нуриевийг дэлхийн балетын ертөнцөд тодорхойлох өргөмжит нэр болон үлдсэн юм. Учир нь түүнийг бүжиглэж эхлэх үед балетад эрэгтэй дүрийн эзлэх байр суурь тун ч доогуур байлаа.
Тэдний гол үүрэг нь эмэгтэй бүжигчдийг унахаас сэргийлэх, агаарт өргөх, тайз хооронд зөөх мэтээс хэтэрдэггүй байв. Харин Нуриев балетын ертөнцөд хөл тавьснаар энэхүү хуучинсаг ойлголтыг орвонгоор нь өөрчилж, эрэгтэй балетын түүхийг шинээр бичсэн билээ.
Рок од мэт амьдрал
Тэрээр зөвхөн сонгодог урлагийн хүрээнд танигдсангүй. Түүнд яг л рок "од" шиг дагаж биширдэг сая сая шүтэн бишрэгч байв. Нуриев Фредди Меркьюри, Энди Уорхол, Мик Жэггэр зэрэг цаг үеийнхээ томооход ододтой нөхөрлөхийн сацуу Нью-Йоркийн алдарт "Studio 54" клубийн байнгын зочин байлаа.
Гиннесийн амжилт
1964 онд Венийн улсын дуурь бүжгийн театрд Марго Фонтейнтой хамт "Хунт нуур" балетад бүжиглэсний дараа үзэгчид тэднийг хөшигний ардаас нийт 89 удаа алга ташин дуудсан байдаг. Энэ нь театрын түүхэнд хамгийн олон удаа үзэгчдийн урилгаар тайзнаа эргэж гарсан амжилтаар Гиннесийн дээд амжилтад бүртгэгджээ.
Дорнын хивсэнцрээс сэдэвлэсэн ер бусын бунхан
Нуриев 1993 онд хэцүү өвчний улмаас өөд болсон юм. Парисын ойролцоох Сент-Женевьев-де-Буад байдаг түүний булш бол урлагийн бүтээлээс өөрцгүй. Тэрээр дорнын тансаг хээтэй нэхмэл хивсэнд дуртай байсан тул дурсгал болгож өнгө өнгийн мозайкаараар хивс урлан бүтээжээ.
Рудольф Нуриев бол балетын урлагийг илүү зоримог, эрч хүчтэй болгож, өөрийн амьдралаараа эрх чөлөөний үнэ цэнийг харуулсан дахин давтагдашгүй суут уран бүтээлч байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.