Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч PCR шинжилгээгээр батлагдлаа
Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс яаралтай хариу арга хэмжээ авч байна. Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд аялах хугацаандаа тарваганы мах хүнсэндээ хэрэглэсэн иргэнээс халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчтөний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа бөгөөд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тусгаарлах тасагт хяналтад авч, шаардлагатай эмчилгээг хийж байна.
Өвчтөнтэй ойрын хавьтал болсон 12 хүнийг яаралтай илрүүлж, тусгаарлалтад оруулжээ. Эдгээр иргэдийг эмч нарын хяналтад авч, эрүүл мэндийн байдлыг нь тогтмол ажиглаж байгаа юм.
Манай орны нийт 21 аймгийн 17 нь тарваган тахлын байгалийн голомтот, халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор тарваган тахал нь зэрлэг мэрэгч амьтад болон тэдгээрийн бүүргээр дамжин халдварладаг аюултай нянгийн гаралтай өвчин юм. Хэрэв хугацаа алдалгүй эмчилгээ хийхгүй бол халдвар авснаас хойш 24 цагийн дотор амь насанд аюул учруулах хэмжээнд хурдан хүндэрдэг байна.
Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хууль бус ан агнуураас татгалзан, эрүүл мэндээ хамгаалахыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.