“Авзага”-ын П.Мэндбаяр барилгын салбараас залилагчдын эгнээ рүү гулсав уу
Хөдөө нутгаас цэрэгт татагдаж, барилгын салбарт гурван жил алба хааснаар энэ салбарт амьдрах дөр суусан П.Мэндбаяр нутгийн хайрханыхаа нэрээр “Авзага трейд” гэх компани байгуулж бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Харин одоо уг салбараас залилагчдын эгнээ рүү гулсав уу. Түүнээс өр авлагаа авч чадахгүй яваа, удаа дараагийн сайхан амлалт, гэрээ нэртэй гоё үгтэй цаасанд залилуулсан хүмүүс “Гул Авзага” гэлцэх болжээ. Захын жишээ гэхэд л “Авзага”-ын барьсан орон сууцыг худалдаж аваад зөвхөн түлхүүрээ авсан, гэрчилгээ байхгүй хэдэн жил боллоо гэсэн иргэд хэдэн жил дамнан заргалдаж байсан удаатай. Яасан бэ гэхээр орон сууцны захиалга авч гүйцэтгэл явагдаж эхлэнгүүт гэрчилгээг нь банкны барьцаанд тавиад зээл авчихдаг шилдэг аргатай, ширэн нүүртэй бизнесмэн байв даа. Барьсан барилгууд нь чанар муутайг хэлэх ч юм биш. Нэг барилга барьж эхлэнгүүтээ бусдын өмнүүр орж нөгөө барилгын тендерийг авчихдаг өлөнг нь мартаж бас болохгүй. Хотын бүхий л топ байршлыг хэрэгтэй, хэрэггүйг шавар сууцаар дүүргэсэн. Яагаад ийм эрх дарх эдлэв гэвэл, хэн барилгын салбарт сайдаар очив, аудитын газрын дарга хэн болов, УИХ-ын гишүүн, сайд, цаашлаад Н.Багабандийг Ерөнхийлөгч байх үед хоёр өрөө, гурван өрөө, дөрвөн өрөө байр “бэлэг” хэмээн өгч, авлигадаад сурчихсан. Томчуудад өгсөн “бэлэг”-ийнхээ хариуд нийслэлийн гайгүй байршлын газар, томоохон тендерүүдийг авч ирсэн, гаднаа хээгүй дүр эсгэсэн, дотроо бол хэзээ ч дүүрэхгүй ёроолгүй шуналтан. Нэр алдарт дуртай гэх үү, эсвэл сайд, дарга нарт өгсөн өнөөх бэлгийн хариу гэх үү, шилдэг, тэргүүний, гавьяат барилгачин гэх хэдэн давхар цол гуншинтай.
Барьсан барилгууд нь чанаргүйн дээр арав гаруй хүний амины нэхэлтэй, цаг бусаар, зуурдаар, осол гэмтлээр нас барсан хүмүүсийн сүнс хоргодсон ийм л орон сууцууд. Энэ юуг өгүүлж байна вэ гэхээр хөдөлмөр, хамгаалал гэдэг юмыг огт мөрддөггүй, танил талаар, сайд дарга нарын ивээлээр явдгийн илрэл. Авгай хүүхэн, архи дарсны асуудлыг түр хойш тавъя. “Авзага”-ын П.Мэндбаяр бүтээсэн түүх, явсан зам мөр, туулсан амьдрал ерөнхийдөө ийм. Ширэн нүүрт шилдэг барилгачин гуай өнөөдөр харин залилангийн ертөнцөд залгалмайлсан эцэг болон заларчээ. Түүнд залилуулж, хохирлоо авч чадахгүй яваа хүмүүс олон байна. Олон ч өргөдөл, гомдол байна. Энэ дотор түүний хэрхэн залилдаг аргыг тод харуулсан нэг жишээ нь, 2012 оны наадмын өмнө долдугаар сарын 9-нд хүүдээ унуулна хэмээн иргэн Б.М-ээс цоо шинэ Land Cruicer 200 автомашин худалдах, худалдан авах гэрээгээр аваад одоо болтол зээлээ төлөөгүй, утсаа авахгүй зугатаж бултаж явна. Зээлээ төлөхгүй 14 жил болно гэдэг бараг дээрэм, гэмт хэрэг биз дээ. Зээлийн гэрээн дээр “Нэмж нэг гарааш өгье” гэж бичээд гарын үсэг зураад хэдэн жил алга болдог. Нэг гарч ирээд “Хоёр өрөө байр өгье” гэж гарын үсэг зураад бултчихдаг. Ийм амлалт бол залилагчдын шалгарсан арга болохоос асуудлыг шийдэж буй хэлбэр биш. Гоё амлалтад хүн хууртдаг, итгэдэг, хүлээдэг, харзанадаг. Гэхдээ итгэл дуусдаг юм шүү дээ, шилдэг барилгачин биш шилдэг авлигач, шилдэг залилагч П.Мэндбаяр аа. Та барилгын салбараа орхиод залилангийн ертөнцөд хөл тавиа юу. Аль эсвэл “Авзага” хайрханы нэрийг авлигаар сэвтээсээр байгаад ашиг орлого орж ирэхгүй ацан шалаанд орж, кинонд гардаг Гул Аранжин шиг “Гул Авзага” болсон уу?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.