2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчид тодорсон уу, эсвэл улс төрийн таамаг эхэлсэн үү?

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчид тодорсон уу, эсвэл улс төрийн таамаг эхэлсэн үү?

Одоогоор аль ч нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байна. Харин улс төрийн хүрээнд хэний нэр илүү олонтаа яригдаж байна вэ гэдэг нь сонгуулийн өмнөх өрсөлдөөний эхний зураглалыг харуулж байна.

Намартаа хадлангаа хураадаг шиг улс төрийн намууд сонгуулийн өмнөх бэлтгэлдээ ордог. Энэ үед хэн нэр дэвших вэ гэсэн асуулт албан ёсны шийдвэрээсээ түрүүлж яригддаг бөгөөд хэвлэл, сошиал орчинд боломжит горилогчдын нэрс эрэмбэлэгдэж эхэлдэг. Гэхдээ улс төрийн таамаг, намын дотоод сонголт, албан ёсны нэр дэвшүүлэлт гурав өөр ойлголт гэдгийг ялгаж харах шаардлагатай. Одоогоор МАН-аас Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогтын нэр, АН-аас О.Цогтгэрэл, Л.Гантөмөр, Н.Алтанхуягийн нэр илүүтэй яригдаж байна. Мөн С.Ганбаатар зэрэг улс төрчдийн нэрийг ч сонгуулийн боломжит өрсөлдөгчийн хүрээнд дурдаж буй. Гэвч эдгээр нэр нь эцэслэн тодорсон нэр дэвшигчид бус, улс төрийн хүрээнд яригдаж буй хувилбарууд юм.

МАН: Төрийн туршлага ба дотоод эрэмбэc4cfd1c68cbd406db6b467f6ccf61aac 

Г.Занданшатар: Тоо, бодлогоор өөрийгөө тодорхойлдог улс төрч

Г.Занданшатарын нэр МАН-ын боломжит нэр дэвшигчдийн жагсаалтад хамгийн түрүүнд яригдаж байна. Тэрээр парламентын болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан туршлагатай, бодлого боловсруулах, тоон мэдээлэлд тулгуурлан тайлбарлах хэв маягтай улс төрч. Түүний давуу тал нь төрийн өндөр албан тушаал хашсан туршлага, эдийн засаг болон институцийн асуудлыг системтэй тайлбарлах чадвар байж болох юм. Харин сонгуулийн улс төрд зөвхөн мэргэжлийн дүр төрх хангалттай эсэх, олон нийттэй ойлгомжтой бөгөөд ойр харилцах чадвар нь ямар үнэлгээ авах вэ гэдэг асуулт үлдэнэ.

Ж.Энхбаяр: Аюулгүй байдал, төрийн сахилга хариуцлагын дүр төрх

Ж.Энхбаярын улс төрийн имижид төрийн алба, батлан хамгаалах салбарын туршлага, сахилга хариуцлагын сэдэв жин дардаг. Тэрээр МАН-ын дотоод улс төрд тодорхой байр суурьтай, намын удирдлагын хүрээнд ажиллаж ирсэн туршлагатай. Ийм дүр төрх нь үндэсний аюулгүй байдал, хил хамгаалалт, төрийн чадавхыг чухалчилдаг сонгогчдод давуу тал болж мэднэ. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн намын дэмжлэг бус нийт сонгогчдод хүрэх өргөн агуулгатай улс төрийн мессеж шаардлагатай гэдгийг мартаж болохгүй. Ж.Энхбаярт нэг давуу тал бий. Тэрээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун гарын найз, нутаг усны фактор ч байдгаас гадна саяхан болсон Хэнтийн Хар зүрх хайрханы тахилгаас авахуулаад Киргизэд болсон ШХАБ-ын уулзалтад Ж.Энхбаяр багтсан нь сонирхол татах өнцөг мөн юм.

С.Бямбацогт: Олон жил хуримтлуулсан улс төрийн капитал

С.Бямбацогт бол парламент болон Засгийн газарт олон жил ажилласанс улс төрийн туршлага арвинтай улстөрч. Түүний нэр дэвших боломжийг ярихдаа хууль тогтоох болон төрийн захиргааны салбарт хуримтлуулсан туршлага, нам доторх байр суурийг нь хамтад нь авч үзэх шаардлагатай. Гэхдээ олон жил улс төрд байсан хүн бүрийн хувьд сонгуулийн гол сорилт нь өнгөрсөн туршлагаа ирээдүйн тодорхой санал, шинэчлэлийн хөтөлбөртэй холбож чадах эсэх байдаг. Сонгогчид зөвхөн намтар бус дараагийн зургаан жилд ямар чиглэл баримтлахыг нь илүүтэй сонирхоно. Нөгөөтэйгүүр тэрээр УИХ-ын дарга болмогцоо цлс төрийн индэр дээрээс энэ бол миний карьерын оргил нь, үүнээс цааш шунахгүй гэсэн агуулгатай мэдэгдэл хийснийг бас мартаж болохгүй.

АН: Шинэчлэл, танигдсан байдал, дотоод нэгдлийн сорилт0e48763ad18f4b5e934857a84425b824 

О.Цогтгэрэл: Намын шинэ үеийн дүр төрх

АН-ын даргын хувиар О.Цогтгэрэлийн нэр намын түвшинд боломжит хувилбарын нэгээр яригдаж байна. Түүний давуу тал нь бизнесийн салбарын туршлага, парламент дахь үйл ажиллагаа, намын удирдлагын түвшинд ажиллаж буй байдалтай холбоотой. Гэхдээ хөрөнгө, бизнесийн туршлага нь улс төрийн сонгуульд автоматаар давуу тал болдоггүй. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд эдийн засгийн мэдлэгээ нийгмийн тэгш боломж, шударга өрсөлдөөн, төрийн хариуцлагын тодорхой хөтөлбөртэй холбох шаардлагатай. Сул талын тухайд хувь улстөрчийн харизмгүй, МАН-ын бөөрөнд наалдсан маягтай аймхай улс төр хийдэг түүнчлэн үндэсний хэмжээнд танигдсан дүр төрхгүй зэрэг сөрөг имижүүд бий. Ямартаа л О.Цогтгэрэлийн зангараг Тэсо группээс нь халихгүй гэдэг үндсэн имиж улс төрийн хүрээнээс халиад олон нийтийн тархинд байршчихсан зэрэг нь түүний хувьд ихээхэн сул тал болох болов уу.

Л.Гантөмөр: Боловсрол, шинэ технологи, шинэ үеийн харилцаа

Л.Гантөмөрийн хувьд боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын сэдэв түүнийг тодорхойлдог. Түүнчлэн улс төрийн мессежээ сошиал орчинд хүргэх, шинэ үеийн сонгогчидтой харилцах хэлбэр нь сонгуулийн өрсөлдөөнд анхаарал татах хүчин зүйл болж болно. Гэвч цахим орчин дахь харагдац, бодит улс төрийн дэмжлэг хоёр ижил зүйл биш. Сошиал хандалтыг улс орны урт хугацааны хөгжлийн бодлого, институцийн шинэчлэл, гадаад харилцааны байр суурьтай холбож чадсан эсэх нь түүний гол шалгуур байх биз ээ.

Н.Алтанхуяг: Ерөнхий сайдын туршлага ба танигдсан улс төрийн брэнд

Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд болон парламентын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, олон нийтэд танигдсан улс төрч. Түүний давуу тал нь төрийн бодлого, эдийн засаг, гүйцэтгэх засаглалын ажиллагааг дотроос нь мэддэгт оршино. Харин өмнөх үйл ажиллагаа, улс төрийн зөрчил, нам доторх байр суурийн талаарх олон нийтийн үнэлгээ нь сонгуулийн кампанит ажилд нь нөлөөлөх магадлалтай. Өнгөрсөн туршлагаа зөвтгөхөөс илүү ирээдүйн тодорхой зорилт болгон тайлбарлаж чадвал энэ нь давуу тал болж хувирч мэднэ. Увсын улс төрийн жин ба бусад хувилбар Дээр дурдсан зургаан нэр дэвшигчийн гурав нь буюу АН-ын кандидэйтүүд бүгдээрээ Увс аймгийн угсаа гаралтай байгаа нь анхаарал татна. Энэ нь Увсынхны улс төрийн нөлөө, зохион байгуулалт, сонгогчдын идэвхийг дахин ярианы сэдэв болгож магадгүй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн нутаг орны дэмжлэгээр шийдэгдэх өрсөлдөөн биш. Нэр дэвшигч нийт улсын хэмжээний итгэл, бодлогын санал, эвлэрүүлэн нэгтгэх чадвараа харуулах шаардлагатай. Нөгөө талаар АН тэр чигээрээ Увсжчихсан юм биш үү гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Бүр цаашилбал Увсаас улсын удирдагч төрж байсан уу, энэ нь төрийн хар хайрцагны бодлогод ямраар туссан байдаг сэлт бас сонирхолтой.

Сонгуулийн өрсөлдөөнийг хэн шийдэх вэ?

Эдгээр нэрсээс хэн нь эцэстээ нэр дэвшихийг намын дотоод тохироо, рейтинг, улс төрийн нөхцөл байдал, эвсэл холбоо болон тухайн үеийн нийгмийн хүлээлт шийднэ. Нэр дэвшигчийн танигдсан байдал чухал боловч дангаараа хангалттай биш. Сонгогчид эдийн засгийн өсөлт, авлига ба төрийн хариуцлага, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, иргэдийн амьжиргаатай холбоотой бодит хариултыг хүлээх болно. Тиймээс 2027 оны сонгуулийн эхний асуулт “хэн Ерөнхийлөгч болох вэ?” гэхээсээ илүү “хэн нийт сонгогчдод итгэл төрүүлэхүйц, хэрэгжих боломжтой ирээдүйн зураглал дэвшүүлж чадах вэ?” гэдэгт төвлөрөх учиртай. Одоогийн байдлаар нэрсийн жагсаалт эцэслэгдээгүй ч улс төрийн өрсөлдөөний үндсэн шугам харагдаж эхлээд байна. МАН төрийн туршлага, тогтвортой байдлыг, АН шинэчлэл, сөрөг хүчний хүлээлтийг өөр өөрийнхөөрөө төлөөлөхийг хичээх болов уу. Харин эцсийн дүнг нэрний эрэмбэ бус сонгогчдод хүрсэн бодит санал, улс төрийн итгэлцэл, намын дотоод нэгдэл шийдэх болно. Редакцын тэмдэглэл: Энэ нийтлэлд дурдсан нэрсийг албан ёсны нэр дэвшигч гэж ойлгож болохгүй. Намуудын эцсийн шийдвэр, Сонгуулийн ерөнхий хорооны албан мэдээлэл гарсны дараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорхой болно. 

М.Саян

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.