Хамтрагчаа шоронд хийж дөнгөсөн “Урьхан”-ы Б.Чинбат Монголын хууль шүүхийн байгууллагыг атгасан гэв үү?
"Глиймстар" болон "Хамтын эх булаг" компанийн захирал В.Ганзориг болон "Урьхан" хэмээн олонд алдаршсан Б.Чинбат нарын хооронд үүссэн алтны уурхайн тусгай зөвшөөрлийн маргаан нь хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд холбогдсон авлигын томоохон дуулиан болж буй.
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй иргэн В.Ганзориг нь өөрийн хамтрагч Б.Чинбатыг цагдаа, прокурор, шүүхийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг ашиглан "хуулийн хонгил" үүсгэж, өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж, уурхайн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдсэн хэмээн мэдээлсэн байна. Энэхүү дуулиантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шуурхай мэдэгдэл гаргаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг шаардаж эхэллээ.
В.Ганзоригийн гаргасан гомдолд дурдсанаар, “тэдний дундах маргаан Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах MV-021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөс эхэлжээ. Б.Чинбат нь 2022 онд уг зөвшөөрлийг 5 сая ам.доллароор худалдан авахаар тохирч, өөрийн "Винд Майнд" компани руу шилжүүлэн авсан байна. Үүний дараа зөвхөн хайгуулын зөвшөөрөлтэйгөөр 140 килограмм буюу 50 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий алтыг хууль бусаар олборлосон боловч хуулийн байгууллага үүнийг шалгаагүй өнгөрүүлсэн гэж тэрбээр буруутгав.
Түүнчлэн 2025 онд тэд "Хамтын эх булаг" компанийн эзэмшлийн MV-022106 тоот уурхайн талбайд ашгаа 20/80 харьцаатай хуваахаар гэх тохиролцсон бөгөөд Б.Чинбат эндээс 420 килограмм алт олборлосон байна. В.Ганзориг уурхайн үйл ажиллагааг бүрэн шилжүүлж өгөхөөс татгалзах үед Б.Чинбат өөрийн нөлөөллийн сүлжээг ашиглан түүнийг хилс хэрэгт унагаж, цагдан хориулсан” хэмээжээ.
Хоригдож буй бизнес эрхлэгч өөрийг нь хилс хэрэгт унагахад оролцсон гэх хуулийн байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтны нэрийг ил тод зарласан юм. Түүний мэдээлснээр, уг "хуулийн хонгил"-д шүүгч Ч.Алдар, Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат болон цагдаагийн хэд хэдэн хурандаа нар багтаж байгаа ажээ.
В.Ганзориг энэхүү хууль бус бүлэглэлийн үйл ажиллагааг шалгуулахаар Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Авлигатай тэмцэх газарт албан ёсны гомдол, мэдээллийг хүргүүлээд байна. Энэхүү мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орж, шүүх засаглалын хараат бус байдалд эргэлзээ төрүүлж эхэлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж, албан ёсны мэдэгдэл гаргасан юм.
Нөгөө талд, Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийн талаар албан ёсны тайлбар хийж, В.Ганзоригийг баривчилсан шалтгааныг өөр үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, В.Ганзориг нь иргэн Г.Ариунболдыг залилж 14.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бөгөөд байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн дөрвөн өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд үүнд залилан мэхлэх, татвараас зайлсхийх буюу 2022-2025 оны хооронд 570 тэрбум төгрөгийн орлогыг нуун дарагдуулж, 161 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг, мөнгө угаах болон хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох зэрэг ноцтой хэргүүд багтаж байна. Цагдаагийн газраас Б.Чинбатыг уг хэрэгт гол сэжигтэн биш, зөвхөн хувьцаа эзэмшигч гэж тодорхойлсон юм.
Энэхүү дуулиан нь хууль сахиулах болон шүүх засаглалын нэр хүндэд шууд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан биечлэн анхааралдаа авчээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан, уг хэргийг ямар нэгэн нөлөөлөлгүйгээр, туйлын ил тод, хуулийн дагуу шалгахыг үүрэг болгосон байна.
Сайд С.Амарсайхан хэлэхдээ, эрх мэдэлтэй хүмүүс хууль хяналтын байгууллагыг ашиглан бусдын хөрөнгийг дээрэмддэг, гэмгүй иргэдийг хилсээр хорьдог байдлыг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстойг хатуу анхаарууллаа. Цаашид уг хэргийн мөрдөн байцаалтын явц болон шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь хууль эрх зүйн салбарт шударга ёс тогтох эсэхийг харуулах чухал сорилт болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.