Б.Чингүүн Ш.Гүрбазар агсны зохиолоор хийсэн “Зуд” киногоороо олон улсаас хамгийн их шагнал хүртсэн найруулагч болов
Аль хэдийнэ олон улсын 7 кино фестивалиас шагнал хүртсэн “DZUD” эх орондоо өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийж, дэлгэцэнд гарч эхэлснийг та бүхэн мэдээгүй юм биш биз? Ямар нэг төрийн дэмжлэггүй, кино урлагийн сангаас сохор зоос аваагүй бүтээлүүд олон улсад шударгаар үнэлэгдсний нэг нь тус кино.
“Зуд” буюу “DZUD” хорь гаруй кино фестивальд явчихсан бөгөөд 7 шагнал аваад байна. Найруулагч Б.Чингүүн 80-аад онынхны даруу зан, дээд үедээ дарагддаг стильд баригддаг ч юм уу аархаж сайрхах биш. Киночдоос тэр л ганцаараа кино апп үүсгэсэн нь Show Box application. Б.Чингүүн түүний гэргий Ч.Сэлэнгэ нарын нэрийн хуудас болсон бүтээл нь “Girls” олон ангит кино цуврал. Сурагчдыг хэрхэн бие биедээ дээрэлхэлт хийж буйг шүүмжлэхээс өөрөөр томчууд бид тэдний төлөө хийсэн зүйл бараг байхгүй. Ядаж энэ хоёр маань ч гэсэн оюун санааны гэгээрэл соёл түгээх уран бүтээл цувралаар хийж байгаа нь болоо шүү дээ.
Ингээд “Зуд” юугаараа олон улсад шуугиулаад байгааг киног үзсэн хүний хувьд маш товчхон сийрүүлье.
Ш.Гүрбазар агсны зохиол шүлэг бүтээлүүд үнэхээр нэг тагнайд уусаж, тархинд амтагддаг л даа. Яруу найраг нь кино шиг өрнөлтэй нүдэнд харагдтал бичдэг эрхмийн бүтээл ийнхүү кино болж амилсан нь сайхан байлаа. “Юу үзэх бол” гэсэн хүлээлт таамаглал урьдчилсан бодол ер нь надад байгаагүй. Б.Чингүүн барууны стильтэй бүтээл хийдэг монгол ахуйд хэр буух бол, чадах уу гэсэн егөөдсөн бодол бол байлаа.
Зохиолын агуулга нь зудтай өвөл гэртээ мал ахуйгаа эрхлэн амьдарч буй эмээ, ээж, бяцхан охин гурвын тухай гарна. Эмээ хүүгээ, бүсгүй нөхрөө хүлээж байгаа. Хөдөөгийн амьдралын төрх монгол ахуй хотод бол ганцааранг нь сургуульд нь ч явуулдаггүй насны охин мал маллаж өлчир өсөж байгаа нь хайр татам. Бүсгүй яг л монгол төрх хадгалсан нүдэнд дулаахан дугуй цагаан царайтай, яралзсан цагаан шүдтэй, үнэн харцтай. Эмээ бол угаасаа эмээгийн дүрийн супер стар болоод байгаа Т.Борхүү. Энэ хүний дүрийг юу гэж дүгнэх вэ, ярих, бичих ч илүүц. Харин анх удаа үхэж үзүүллээ, монгол ахуй оршуулах ёс заншилтай зэрэгцүүлэн ач охин эмээгийн хайр хагацлыг харууллаа. Охин ямар үнэн тоглоо вэ.
Ийм гурван бүсгүй дээр сөрөг дүрийн дунд үеийн од болоод байгаа жүжигчин Д.Мөнхтөмөр орж ирнэ. Санамсаргүй ял аван хоригдож байгаад өвс ачих ажилд дайчлагдсан тэрбээр цасан шуурганаар хээр орхигдсон. Эмээ түүнийг хүүтэйгээ эндүүрнэ. Хөл нь хөнгөрч, сэпхийтэл босож ирэн инээд алдах настай эмээг орхиод явах хэцүү. Гэв гэнэтхэн сайхан гэргий, хөөрхөн охин ээжтэй болох амьдралын амт.
Эр хүний чин хүсэл ер нь юу юм? Ханиараа хүндлүүлж, хүүхдээ эрхлүүлэх л тэгш дүүрэн амьдрал юм болов уу даа. Монгол эр хүний харц тийм ч олон үггүй илрэх үнэн сэтгэл энэ бүхнийг зохиолч нарийн урлажээ. “Сайхан залуу юм даа, түшигтэй” гэх бодол Д.Мөнхтөмөрийн дүрийг харахад төрж байв.
Эр хүн сайн ханьтай учирвал зүгийг олно.
Төгсгөл яасан бэ гэж үү? Та бүхэн үзэж мэдээрэй.
Найруулагч Б.Чингүүн аль хэдийнэ олон улсад энэ бүтээлээрээ өөрийгөө дархалчихсан. Тэр одоо онгирч болох юм. Гэхдээ уран бүтээлч хүн, найруулагч хүн ер нь ханадаггүй ч биз. Б.Чингүүн ямар ч олны танил биш жүжигчдээр голыг барьж, ур чадвараа гайхууллаа. Бас хөөсөрсөн пиар хийсэнгүй.
Товчхондоо “Зуд” өвлийн тухай кино биш. “Зуд” тарчиг монгол амьдралын бэрхшээлийг хөндөөгүй. “Зуд” хүний сэтгэлд байдаг сэтгэлийн зудыг хөндсөн. Гэхдээ нэг л өглөө цас хайлж, өвөл дуусдаг шиг бидний сэтгэлийн зуд арилж болно.
Ш.Гүрбазар агсны “Хоршоо Дэрэм” одоо ч сонсоход тэр дүрийг хайрламаар бүтээл. Бидэн дунд энгийн даруу амьдарсан, нуруутай сайхан эрчүүд олон бий. Эрхэм зохиолч тийм л эрсийг өнгө өнгөөр бүтээлдээ мөнхөлдөг байжээ.
Эр хүн заавал түүхэн гавьяа байгуулах, төрд том дарга болох хүчтэй мундаг байх албагүй. Эр хүн тухайн гэртээ ноён нуруу байж, түшиг нь байж уул шиг нөмөртэй байх ёстой гэсэн орхигдсон амьдралын үнэнийг уг кино хөндөнө. Жирийн сайхан хүмүүсээ бид магадгүй мартсан юм биш биз. Жирийн байгаагийнх нь төлөө “арчаагүй” гэж хэтрүүлдэг юм биш биз? Харахад жирийн ч тэр хүн амьдрал дээр хамгийн агуу аав, хань ч юм билүү. “DZUD” энэ бүхний тухай өгүүлэх, хүслийн жагсаалтад багтах кино.
Дэлхий тоосон бүтээлийг дэргэдээ гарч байхад үзэхгүй алдав.
У.Цахирмаа /Grandnews.mn/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.