Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурлын үеэр 20 орчим илтгэл хэлэлцэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар санал солилцож байна. Тухайлбал, соёл, боловсрол, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг олон нийтэд бодитой, үнэн зөвөөр мэдээлэх, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, сэтгүүлчдийг сургалт, туршлага солилцоонд хамруулах, хамтарсан сурвалжилга, контент бүтээх, төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Мөн хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.
Энэ үеэр Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан бүтээлээс танилцуулж, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны талаар мэдээ, нийтлэл бэлтгэн нийтэлсэн сэтгүүлчдийн төлөөлөлд шагнал гардууллаа.
Түүнчлэн Хөх хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ийн Улаанбаатар дахь салбар зөвлөл хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурав.

Мөн Шаньдүн мужийн Яньтай хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Үүнээс гадна Өвөр Монголын өдрийн сонин, Монгол Улсын “Өнөөдөр” сонин хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Хөлөнбуйрын нэгдсэн мэдээллийн төв, Монгол Улсын Дорнод аймгийн “Дорнод медиа” групп, “Дорнод” телевиз хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.



Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурлыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна.
Форум Сычуань мужийн Чэндү хотод үргэлжилнэ.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.