Монголын сэтгүүлчид ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зочиллоо
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж байна.
Хурлын үеэр Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид ӨМӨЗО-ы томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болон музейн үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчид Өвөр Монголын "Өдрийн сонин"-ы хороонд зочилж, тус байгууллагын түүх, мэдээлэл түгээх бүтэц, цахим хэвлэл мэдээллийн хөгжлийн талаар мэдээлэл авлаа.
Тус "Өдрийн сонин" 1948 онд анхны дугаараа хэвлүүлсэн бөгөөд өдгөө сонин, сэтгүүл, вэб сайт, гар утасны аппликейшн, цахим платформоор дамжуулан мэдээлэл түгээж байна. Тус байгууллага 870 гаруй ажилтантай.
Мөн Монголын төлөөлөгчид Өвөр Монголын Радио, Телевизийн хорооны үйл ажиллагаатай танилцав. Тус хороо нь 2014 онд Өвөр Монголын Ардын Радио, Өвөр Монголын Телевизийг нэгтгэн байгуулсан ӨМӨЗО-ы томоохон хэвлэл мэдээллийн байгууллага юм.
Тус хороо 2000 гаруй ажилтантай, найман телевизийн суваг, зургаан FM радио суваг ажиллуулдаг. Үүнээс гадна “Бэньтэн” нэгдсэн хэвлэл мэдээллийн аппликейшн болон 50 гаруй шинэ хэвлэл мэдээллийн платформоор дамжуулан мэдээлэл хүргэдэг байна. Аппликейшныг татан суулгасан тоо 21.5 сая давж, жилд түгээх мэдээллийн хэмжээ таван тэрбум гаруйд хүрдэг байна.
Түүнчлэн төлөөлөгчид ӨМӨЗО-ы музейгээр зочилж, тус бүс нутгийн түүх, соёлын өвтэй танилцлаа. Тус музейг 1957 онд байгуулж, 2008 онд одоогийн нэрийг авчээ. Улсын нэгдүгээр зэрэглэлийн тус музей шинэ барилгаа 2026 оны тавдугаар сард нээсэн байна.
Музейд 189 мянга гаруй эд өлгийн зүйл, иж бүрдэл хадгалагддаг бөгөөд үүнээс 5400 гаруй нь үнэт дурсгал, 487 нь нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгалд бүртгэгдсэн байна.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурлын хүрээнд Монголын сэтгүүлчид ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн байгууллагуудын уламжлалт болон цахим мэдээлэл түгээх туршлага, соёл, түүхийн өвийг хадгалж хамгаалах үйл ажиллагаатай танилцаж байна.

Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.