Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын тулд заавал хил давж Хөх хотод ирэх шаардлагагүй

Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын тулд заавал хил давж Хөх хотод ирэх шаардлагагүй

Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дахь удаагийн нэгдсэн форум ӨМӨЗО-ны Хөх хотод болсон бөгөөд энэ үеэр Ерөнхий консул Ш.Оргилтой уулзаж товч яриа өрнүүлснээ хүргэе. 

Өвөрмонголын өөртөө засах орон дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын ажил, үүрэг ачаалал хэр их байдаг вэ? Та бүгдийн ажил алба сайн уу?

– Ажил алба сайн. Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар юуны өмнө монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг дөрвөн том боомтын ажил хэргийг хариуцдаг учраас ачаалал бага биш.

Мэдээж угсаа гарал, хэл соёл нэг учраас хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо, ялангуяа эрүүл мэндийн асуудлаар Хөх хотыг зорих монголчуудын урсгал харьцангуй их гэж болно. Бид аль болох чадах чинээгээрээ монгол иргэддээ чиг үүргийнхээ хүрээнд туслан ажиллаж байна.

– Боомтууд гэснээс төмөр замын холболтын асуудал ид яригдаж байгаа. Ямар түвшинд явж байна вэ?

Ганцмод-Гашуунсухайт, Сэхэ- Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн дөрвөн боомтын хил холболт хийгдэхээр ажил хэрэг эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөж ярьсан. Хил холболтын ажлыг дэс дараатай явуулна гэсэн байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн. Эхний ээлжинд бүтээн байгуулалт нь бараг дуусаж буй Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболт ашиглалтад орох ёстой. Үүний дараа Ханги–Мандал, Шивээхүрэн-Цэхэ боомтын төмөр замын хил холболтын ажил эхлэх гэх мэтээр үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа.

     Манай Монголын эдийн засаг нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай. Урд хөршид нүүрсний үнэ өсвөл манай эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Нүүрсний үнэ өсөх хандлага байна уу?

-       Манай нүүрсний экспортын гол гарцууд нь Ганц мод–Гашуунсухайт, Сэхэ–Шивээхүрэн, Ханги–Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтууд. Нүүрсний үнэ өсөж байна. Нүүрсний уурхайнуудын өгч байгаа мэдээллээс үзвэл үнэ тонн тутамдаа 100–200 юаниар нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байна. Энэ нь таны хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засагт маш их нэмэр, нөлөөтэй. Бидний зүгээс төмөр замын хил холболтуудаа шуурхайлах нь нүүрсний үнэ өсөж буй энэ үед нэн чухал юм.

-       Та гурав дахь жилдээ Хөх хотын Ерөнхий консулаар ажиллаж байна. Хоёр орны харилцаанд бидний анхаарах ёстой гол асуудал, бэрхшээл юу байна вэ?

 

Юун түрүүн иргэдийн зорчилт, нэвтрэлт их учраа ч тэр үү, хил гааль, хориотой ачаа бараатай холбоотой янз бүрийн асуудал ихээхэн гардаг. Тийм ч учраас дашрамд иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд хилээр гарахдаа цүнх, саваа сайтар шалгаж байгаарай. Танихгүй хүнээс элдэв зүйл авч явахгүй байх тал дээр хатуу анхаараарай гэж захимаар байна. Санаатай болон санаандгүй тохиолдол ч их гарч байна. Жишээлбэл, шинэ ном, бичиг баримт мэт сэжиг төрүүлэхээргүй дайвар ачаан дотроос хууль бус ачаа бараа гарсан тохиолдол байна. Номыг бид ном л гэж хардаг. Гэтэл ном биш хар тамхи агуулж байж болно. Ерөөсөө танихгүй хүнээс ачаа дайвар авахгүй байх нь хамгийн зөв алхам юм. Ийм хууль бус үйлдлийг зохион байгуулагчид тухайн хүний хэзээ, хаашаа, ямар зорилгоор явж байгааг хүртэл нарийн судалсны үндсэн дээр үйлдсэн байдаг гэх мэт.

Тийм ч учраас Монгол Улс дахь Хар тамхитай тэмцэх байгууллагуудтай хамтран энэ талаар сургалт, сэрэмжлүүлэг явуулж байна.

Мөн хилээр санаатай болон санамсаргүйгээр бууны сум, хонгио оруулж ирэх эрсдэл ч гарсан. Жишээлбэл, нөхөр нь анд явахдаа халаасандаа хонгио хийчихсэн, эсвэл цүнхэндээ сумаа үлдээчихсэн. Гэр бүлийнхэн нь тухайн цүнхийг авч хилээр нэвтрэх үедээ баригдсан тохиолдол бий.

Цаашилбал сумтай хайрцаг авч яваад баригдсан жишээ бий. Тэр хүн Монголынхоо хил гааль дээр “баригдсан нь азтай хэрэг. Хэрэв хил даваад Хятадын нутагт орсон бол шоронд хоригдох хэмжээний ноцтой асуудал үүсэх жишээний. Монгол иргэд маань санамсаргүй, хэнэггүй байдлаасаа болж хэрэг төвөгт орохгүй байгаасай гэсэн үүднээс энэ бүхнийг хэлээд байгаа хэрэг.

Бид сая Замын-Үүд дэх гааль, шалган нэвтрүүлэх боомтын удирдлагуудтай уулзаж Монгол Улсаас гарах иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх самбар, мэдээллийн дэлгэцийг Ерөнхий консулын газартай хамтран байршуулах талаар ярилцлаа.

Хоёрдугаарт, Нүүрс тээврийн жолооч нартай холбоотой асуудал гардаг. Хил, гааль дээр Хятадын иргэдтэй маргалдах, үл ойлголцох тохиолдол ч бий. Гэхдээ эдгээр нь нийт асуудлын бага хувийг эзэлнэ.

Гуравдугаарт, эрүүл мэндийн асуудал. Өдөрт ойролцоогоор 100 хүн ирж, нэг хүн дунджаар таван сая төгрөг зарцуулдаг гэж тооцвол Монгол Улсаас Өвөрмонгол руу маш их мөнгө урсаж байна.

Өвөрмонголд томоохон эмнэлгүүд чиглэл, чиглэлээрээ төрөлжин ажилладаг. Бээжингийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн харьяа эмнэлгүүд, төв эмнэлэг, үе мөч, нуруу нугасны төрөлжсөн эмнэлэг, хавдрын төв гэх мэт. Эдгээр эмнэлгүүд шинжилгээ, оношилгоог сайн хийдэг.

Монголын өвчтөнүүдийг манай эмнэлэгт явуулаач гэсэн санал ч эмнэлгүүдээс ирдэг. Тэд монгол хөтөч гаргаж өгье гэж хүртэл хоорондоо өрсөлдөж эхэлсэн.

Гэхдээ бид хэзээ ч аль нэг эмнэлгийг “хамгийн сайн” гэж хэлэхгүй. Монголчуудыг олноороо ирж үзүүл ч гэж уриалахгүй. Харин зардал хэмнэхийн тулд цахим, онлайн оношилгоог хэрэгжүүлээсэй, хоёр орны эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд хамтарч ажиллан эрүүл мэндийн асуудалтай олон хүмүүсийн асуудлыг нимгэлээсэй гэж хүсдэг.

Товчхондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар Хятад улс, Хөх хотыг зорьж буй монгол иргэдээ би хувьдаа аялал жуулчлалын асуудал гэж хардаггүй. Тэгж харахыг ч хүсдэггүй. Энэ бол аялал зугаалга биш хүний хамгийн эрхэм чухал эрүүл мэндийн асуудал шүү. Өөрөө өвдөж зовохын бэрхийг үзэж туулсан учраас миний ажлын үндсэн чиг үүрэг биш ч гэлээ санаа зовж, сэтгэлээ чилээдэг хэрэг.

Таны нэг дуулиан тарьсан пост бий. Ер нь ч Монголд хүнд онош тухайлбал хавдартай гэж оношлогдоод Хөх хотод ирээд онош нь буруу байсан олон тохиолдол байдаг юм билээ?

–Миний гол санаа бол өвдөж зовсон иргэдийнхээ санхүүгийн ачааллыг хэмнэж, үнэн зөв оношийг нь аль болох эх оронд нь тогтоодог болох тухай юм.

Би Монголын эмнэлгийг 100 хувь муу, буруу оношилдог гэж хэлээгүй. Бүх эмч нарыг буруутгаагүй. Нийт салбарыг муулах эрх надад байх ч үгүй. Гэхдээ Монголд буруу оношлогдоод энд ирээд хавдартай хүн хавдаргүй зүгээр үрэвсэлтэй байсныг хавдартай гээд оношилчихсон гэх мэт олон тохиолдол бий. Хөх хотод ирж эмчилгээ, шинжилгээ хийлгээд буцаж буй монгол иргэд олон байна. Энэ бол бидний өдөр тутамдаа харж буй бодит асуудал.

Тогтолцооны хаана нь гажуудал үүсээд байгааг судлах ёстой гэж боддог. Заавал хил давж ирэхгүйгээр шинжилгээний хариу, эмнэлгийн бичиг баримтаа цахимаар илгээгээд эндэхийн эмнэлгүүдийн эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, тодорхой төлбөртэйгөөр урьдчилсан оношилгоо хийлгэх боломжтой.

Энд ирж таван сая төгрөг зарцуулахаар гэртээ байж байгаад харьцангуй бага зардлаар хавдартай эсэхээ мэдэх боломжтой гэсэн санаа.

– Таны бодлоор Өвөрмонголын эрүүл мэндийн салбар ямар түвшинд хүрсэн байна вэ?

– Би эмч биш, судлаач бүр ч биш. Консулынхаа түвшинд өөрт ажиглагдсан, тохиолдсон кэйсүүдээ харж, дүгнэж санаа зовниж явдаг асуудлаа хуваалцаж байгаа төдий. Мэдээж эндэхийн эмчилгээ, оношилгоо бүрэн баталгаатай гэж хэлэх боломжгүй. Хүн бүрийн биеийн онцлог, шинж тэмдэг, өвчний түүх өөр, өөр. Улаанбаатарт сонссон онош нь энд ирээд батлагдаж байгаа тохиолдол ч цөөнгүй. Батлагдахгүй тохиолдол ч олон. Энд ирээд эмчилгээ хийлгэж, эдгэрээд буцаж байгаа хүмүүс ч олон байна. Үнэ ханшийн хувьд ч боломжийн түвшинд гэж боддог.

– Хөх хот, Өвөрмонголын хамтын ажиллагаа хэр хөгжиж байна вэ?

– Хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа болон соёлын хамтын ажиллагаа өргөн хүрээнд өргөжин тэлж ирсэн. Хоёр жилд нэг удаа хоёр улс хамтарсан экспо зохион байгуулдахаас гадна удахгүй ӨМӨЗО-ны соёлын өдрүүд Улаанбаатарт болно гэх мэт тасралтгүй дээ.

– Та өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Улс төрийн цаашдын карьерын төлөвлөгөөг чинь сонирхож болох уу?

– Би 2016–2020 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажилласан. 2020 онд улиран сонгогдсон ч 2022 онд бөөрний хорт хавдар гэж оношлогдож, яг цар тахлын үеэр хагалгаанд орсон. Дараа нь гам дэглэм алдагдсанаас эвэрхий үүсэж, дахин хагалгаанд орсон. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

Тэр үеэс хойш улс төрийн карьер хөөсөнгүй. Одоо энд Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байна. Монгол Улсаас хандсан хүн бүрт туслахыг хичээдэг. Мэдээж бүх асуудлыг шийдэж чадахгүй, би бүхнийг чадагч ч биш. Гэхдээ төрийн тусгай албан хаагчийн хувьд үүрэгт ажлаасаа гадна аль болох олон иргэдтэйгээ уулзаж, ялангуяа эрүүл мэндийн чиглэлээр тус болохыг хичээн ажиллаж байна.

2026.09.08

М.Уранчимэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.