Ч.Нарантуяа: 10 мянган эмч ажил хаяхаар гарын үсэг зураад байна
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай Үндэсний хорооны шийдвэрийг төсөвт тусгахыг Засгийн газар, УИХ-аас шаардлаа.
МҮЭХ-ны мэдээлснээр, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнгөрсөн наймдугаар сарын 17-нд хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5900 төгрөг байхаар тогтоосон. Уг шийдвэрийг ажилтан, ажил олгогч болон төрийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Гэвч 2027 оны төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 792 мянган төгрөгөөр тооцон тусгасан хэвээр байгаа нь хууль, нийгмийн түншлэлийн хүрээнд байгуулсан тохиролцоог зөрчиж байгааг хэллээ. Тус холбооноос есдүгээр сарын 8-нд Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон УИХ-д шаардлага хүргүүлсэн ч одоогоор өөрчлөлт ороогүй гэв.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бүх ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, татвар автоматаар өсөхгүй бөгөөд албан журмаар шимтгэл төлж буй ажилтнуудын шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдөхгүй гэж тайлбарлав. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хуулиар уялдуулсан зарим төлбөр, тухайлбал гадаадаас ажиллах хүч авч буй байгууллагын төлбөр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөр нэмэгдэх зохицуулалттайг дурдсан.
Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг салбарын хамтын хэлэлцээрийн дагуу нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байна .
МҮЭХ: Боловсролын салбарын тухайд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цалинг 26 хувиар нэмэгдүүлэх, цаашид 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс салбарын ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр тохиролцсон боловч эдгээр арга хэмжээ 2027 оны төсвийн төсөлд тусгагдаагүй байна.
2023-2024 оны хичээлийн жилд боловсролын салбарт 5000 гаруй ажилтны орон тооны дутагдалтай байсан бол одоо 2000 гаруй орон тооны дутагдал хэвээр байгаа аж. Иймд салбарын хамтын хэлэлцээрийн дагуу цалинг нэмэгдүүлэх, боловсролд төрөөс хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардсан байна.
Харин эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд 2026 онд цалинг нийт 75 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсоноос 30 хувийг нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн. Үлдсэн 45 хувийг наймдугаар сарын 1-нээс эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдүүлэхээр тохирсон ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.
Өнөөдрийн мэдэгдлийн үеэр шаардлагыг биелүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаях хүртэл арга хэмжээ авахад бэлэн байгааг мэдэгдэв. Одоогоор ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлсэн 10 мянга орчим эмнэлгийн ажилтны гарын үсэг цугларсан бөгөөд шаардлагыг шийдвэрлэхгүй бол Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гаргана гэлээ.
Ийнхүү МҮЭХ-ноос 2027 оны төсөвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөр тооцсон байдлыг өөрчилж, Үндэсний гурван талт хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх, салбарын хамтын хэлэлцээрүүдэд туссан цалин хөлсний нэмэгдлийг төсөвт тусгахыг Засгийн газар болон УИХ-д шаардлаа. Мөн шаардлагуудыг шийдвэрлэхгүй тохиолдолд хуульд заасан эрхийнхээ хүрээнд дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.