“Sweetymotion”-ы хуучин маргаан: Олон нийт Б.Чинбат, Ц.Сарнай нараас тайлбар хүсэж байна

“Sweetymotion”-ы хуучин маргаан: Олон нийт Б.Чинбат, Ц.Сарнай нараас тайлбар хүсэж байна

Дуучин И.Мишээл, Т.Солонго хоёр УГЗ Б.Чинбат, “Sweety­motion”хамтлагтай холбоотой хүнд дурсамжаа ярьсан нь тус хамтлагийн бүр тодруулбал тус гэр бүлтэй холбоотой хуучин маргааныг дахин сөхөхөд хүргээд байна.

 2024 оны дөрөвдүгээр сард дуучин И.Мишээл, Б.Чинбат, Ц.Сарнай нартай 7, 8 жил хамтран ажилласан хугацааныхаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр энэ хугацаанд уран бүтээлийн боломж нь хязгаарлагдсан, сэтгэл санаа болон санхүүгийн дарамтад орсон, гэр ахуйн болон хувийн туслахын ажил хийж байсан, улмаар Б.Чинбат биед нь халдсан гэх ноцтой зүйлсийг ярьсан байдаг.

Мишээлийн мэдэгдлийн дараа өмнө нь “Emotion”, хожим “Sweetymotion”-д харьяалагдаж байсан Т.Солонго мөн өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “Emotion хамтлагт орж, хамт амьдарч, ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай, аймшигтай он жилүүд нүдний минь өмнүүр өчигдөрхөн болсон үйл явдал шиг дурайж байдаг шүү” гэсэн байдаг.

 

12be34fd3af546aaa79a8ede166a7d06

Тухайн үед Б.Чинбатын гэргий, “Sweety­motion”хамтлагийн ахлагч Ц.Сарнай дуу, клип, хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой асуудлаар өөрийн тайлбарыг өгч, нийтэд тархсан мэдээлэл нэг талыг барьсан гэж мэдэгдсэн. Харин И.Мишээлийн гаргасан биед халдсан гэх мэдэгдэл болон бусад ноцтой асуудалд Б.Чинбатын зүгээс олон нийтэд хүрсэн, баримтад тулгуурласан дэлгэрэнгүй тайлбар одоогоор тодорхой бус хэвээр байгаа билээ.

Улмаар саяхан Т.Солонго asu.mn сайтын “My Career” ярилцлагын нэвтрүүлэгт орж, “Emotion” хамтлагаас гарсан үе, амьдралынхаа хүнд мөчүүдийн талаар өгүүлсэн асуудлыг ахин анхаарлын төвд авчраад байгаа юм.

Дуучин бүсгүйчүүд нэг продюсер, нэг уран бүтээлийн хүрээлэлтэй холбоотой харилцааг эерэг бус дурсамжаар тайлбарласан нь анхаарал татахгүй өнгөрөх зүйл биш.

 

 Учир нь УГЗ Б.Чинбат бол зөвхөн нэг хамтлагийн продюсер төдий нэгэн биш. Түүний уран бүтээлийн нэр хүнд, төрийн шагнал, олон жилийн мэргэжлийн карьер нь олон нийтээс илүү өндөр хариуцлага хүлээх шалтгаан болдог. Нэр хүнд гэдэг зөвхөн шагнал, тайзны амжилтаар тогтдоггүй. Хамтран ажилласан хүмүүстэйгээ хэрхэн харилцсан, хөдөлмөрийг нь хэрхэн үнэлсэн, маргаантай үед ямар хариуцлага хүлээсэн нь мөн адил нөлөөлдөг билээ.

Нөгөөтэйгүүр уран бүтээлчдийн хувийн харилцаа олон нийтэд хамаарахгүй байж болно. Гэвч продюсер–уран бүтээлч, багш–шавийн харилцаанд эрх мэдлийн зөрүү үүссэн эсэх, гэрээний нөхцөл шударга байсан эсэх, хамтран ажиллагчийн хөдөлмөрийг зохих ёсоор үнэлсэн эсэх нь нийгмийн харилцааны ноцтой асуудал мөн.

Ялангуяа олон жил хамтран ажилласан залуу уран бүтээлчид дарамт, хязгаарлалт, хөдөлмөрийн үнэлэмж, бие махбодын халдлагын талаар мэдэгдсэн тохиолдолд асуудлыг зөвхөн “хамтлагийн дотоод хэрүүл” гэж үл тоомсорлох нь өрөөсгөл бөгөөд шударга бус юм.

Энэ бол бүсгүйчүүд хоорондоо “алалцсан” түүх биш. Харин уран бүтээлийн нэрээр байгуулагдсан харилцаанд эрх мэдэл, хөдөлмөр, нэр хүнд, хүний эрх хэрхэн зөрчигдөж болох тухай хариу нэхсэн асуулт юм. Магад бүх урлагийнханд хамаатай сэдэв ч байж болно.

Урлагийн салбарынхан залуу уран бүтээлчдийг дэмжихдээ зөвхөн тайзан дээр гаргахыг бус, тэдний эрхийг хамгаалах, шударга гэрээ байгуулах, мэргэжлийн болон хувийн заагийг хүндэтгэх орчныг бүрдүүлэх ёстой.

Эцэст нь хэлэхэд олны танил уран бүтээлчид нэр хүндийнхээ хэрээр өөрсдөөсөө илүү өндөр хариуцлага шаардах цаг болжээ. 

 

Б.Ундрал

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.