“ЗУУН ДАМНАСАН БАХАРХАЛ-ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА” Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Тэртээх 1921 оны энэ 10 дугаар сарын 15-ны өдрийн Цэргийн зөвлөлийн шийдвэрээр “Ардын цэргийн даргын сургууль” байгуулагдан хичээллэж эхэлсэн. Удаагүй 1923 онд “Бүх цэргийн ерөнхий сургууль” болон шинэчлэгдэн орчин цагийн Зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойтойгоо золгож байна.
Тус сургуулийн төгсөгчид Ардын хувьсгалын дараа шинэ тулгар байгуулагдсан улс орноо батлан хамгаалах төдийгүй төр, нийгмийн бүхий л салбарыг цогцлоон хөгжүүлэхэд хүчин идэвхийлэн оролцсон юм.
XX зуунд Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан томоохон зэвсэгт мөргөлдөөн болох Халхын голын дайнд Цэргийн ерөнхий сургууль нь цэргийн бага, дунд боловсролтой 1000 гаруй боловсон хүчнийг түргэвчилсэн хугацаагаар бэлтгэн, МАХЦ-ийг нөхөн хангаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад онцгойлох үүрэг гүйцэтгэсэн билээ.
Зөвхөн 1939 оны 05-08 сард бэлтгэн төгсгөсөн 324 офицер удирдах албан тушаалд томилогдсоны дотор дивизийн комиссар 3, дивизон, хороо, бригадын комиссар 10 байсан бөгөөд энэ байлдааны ажиллагаанд тус сургуулийн төгсөгч М.Экэй, Л.Гэлэгбаатар, Ц.Олзой, В.Шарав, Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, Ц.Шагдарсүрэн нарын 8 баатар төрсөн нь үүний тод илэрхийлэл юм.
Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өнөөгийн эрх чөлөөт амьдралыг баталгаажуулахад түүхэн ач холбогдол үзүүлсэн 1945 оны Чөлөөлөх дайнд МАХЦ-ийн 21 мянга гаруй цэрэг оролцсоны даргалах бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгчид байсан бөгөөд дайнд оролцсон 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар мото-хуягт бригадын захирагч Ч.Доржпалам, М.Цэдэндаш, Г.Дорж, Д.Нянтайсүрэн, М.Одсүрэн нар нь Цэргийн ерөнхий сургуулийн төгсөгчид байсан ба тэдний дундаас Д.Нянтайсүрэн, С.Дампил, Д.Данзанваанчиг нар БНМАУ-ын Баатар цолоор шагнагдсан.
Дайны дараах их бүтээн байгуулалтын он жилүүдэд цэргийн сургууль төгссөн мянга мянган дарга, офицерууд эх орны өнцөг булан бүрд бүх нийтийг бичиг үсэгт сургах, нийгмийг соён гэгээрүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн суурийг тавилцсан гавьяатай. Тэдний дундаас нэгдлийн дарга Г.Лодойхүү, эмч Ж.Хайруул, балетын бүжигчин дэслэгч Б.Жамьяандагва, төмөр замчин Г.Мандах, нэрт барилгачин хурандаа Д.Бямбаа нарын олон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан.
Монголын ардын армийг дахин өргөтгөн зохион байгуулсан хүйтэн дайны жилүүдэд Цэргийн ерөнхий дээд сургуульд анхны дээд боловсролтой офицеруудыг бэлтгэж эхэлснээр, бүс нутагтаа гайхагдсан бэлэн байдал, зэвсэглэл техник, сургалт, сахилга зохион байгуулалттай, өндөр чадавхтай зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд гол хөдөлгөгч хүч болсон офицеруудыг төгсгөж байв.
Цэргийн ерөнхий дээд сургуулийн улс орноо батлан хамгаалах, Монголын ард түмний хувьсгалт ололтыг бэхжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулж, цэргийн төрөл бүрийн олон мянган офицерын бүрэлдэхүүнийг бэлтгэж өгснийг тэмдэглэж, 1971 онд төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан юм.
1990 оноос улс орны дотоод, гадаад аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөн, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод томоохон өөрчлөлт гарч буйг соргогоор мэдэрч, уламжлалт цэргийн дарга бэлтгэдэг сургуулиас орчин үеийн цэрэг, иргэний бүх шатны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний цогц их сургууль болон хөгжиж ирсэн.
Монгол цэргийн алдрыг даян дэлхийд дахин цуурайтуулах эхлэлийг тавилцсан ЦИС-ийн захирал агсан хошууч генерал Гүрийн Рагчаа, анхны энхийг сахиулагч хурандаа Г.Ерөөлцэнгэл, анхны цэргийн багийн захирагч хошууч генерал Б.Баярмагнай, анхны энхийг сахиулагч эмэгтэй хурандаа Н.Нямжаргал болон 20 гаруй мянган энхийг сахиулагч төгсөгч бол энэ сургуулийн бахархал, нэр төрийн илэрхийлэл билээ.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах чадавхыг хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийг эх оронч үзэл хүмүүжлээр соён гэгээрүүлж, чадварлаг боловсон хүчин генерал, офицер, ахлагчийг бэлтгэж ирсэн түүхэн гавьяатай анхны мэргэжлийн боловсролын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна.
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.