Хогийн цэг дээрх “Напалеон”

Хогийн цэг дээрх “Напалеон”

Хотын даргыгаа хаана, юу хийж яваа бол гэж бодоод цахим орчинд хайж үзлээ. Түлхүүр үгнүүдийг нь хийнгүүт гараад ирж байна аа. Лайваа хийгээд манаргаж явна. Хүзүүндээ том сэгсгэр микрофон зүүчихсэн, гурав дөрвөн том камераар өөрийгөө тойрон эргэлдүүлчихсэн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг чирж гулдрах шахам дагуулчихсан, хаврын жаварт хацар нүүрээ хайрсхийн, Сэлбийн сэлхинд сэвлэг үсээ хийсгэсхийн Сүхбаатар дүүргийн 8-р хороонд амралтын өдрөөр ажлаа хийгээд мачийж явна, хөөрхий. “Ажилтай муу туучий шүү” гэдэг билүү. /Амралтын өдөр ажилласан гээд Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингаа хоёр нугалж авдаг болов уу, яадаг бол?/

Монгол гуравдугаар сургуулийн Соронзон захирал “Байгал аа, Байгал аа” гэдэг хэлц үг моодонд оруулсан шиг манай мээр “Хэн ээ, хэн ээ, тэрийг тэгсэн үү, энийг ингэ, тэг, за юу. Энийг шууд нураа, тэрийг хураа. Энэ хавьд хоолонд орчихоор аятайхан гуанз юу байна, хэн ээ. Өлсөж байна шүү, хуушуур идье” гэх мэт эгэл ард бидэнтэйгээ эгээ л адил энгийн сайхан үгнүүдээ энэ удаа хэлсэнгүй нь харамсалтай. 

Лайвын туршид мээр маань хоолойгоо цахирттал л ярилаа. Асуусан асуултдаа өөрөө хариулаад л, өөрөө өөртөө үүрэг өгөөд л. Өөрийгөө бараг загнасан уу, яасан.

 

Н.Учрал дарга харин ганц ч үг ганхийсэнгүй. Даарсан уу яасан, мэдэхгүй. Манай Нямбаа хэнхэглээд том даргыг сэрүү хүйтэн Сэлбийн хөвөөгөөр, баригдаж байгаа барилгын талбайгаар, “Этүгэн” сургуулийн хашаа энэ тэрээр дагуулж лайвдаад, хахир яхир цагаар  хатгаа тусгачихаагүй байгаа. Ядаж ганц аяга халуун чацаргана, эсвэл зуун грамм коньяк авч өгч мэдээгүй дээ.


Төрийн төлөө оготно би санаа зовох ч яах вэ. Нямбаа мээр маань нийслэлийн төлөө арслан, зааны дайтай зовж, аварга халимны хүчээр зүтгэж байгаа хүн дээ. Нойр, хоолгүй л яваа бололтой байдаг. Лайвуудаас нь харахад. Лайв нь лайф, кайф болчихоод байгаа хүн л дээ, угаасаа.


За тэгээд өчүүхэн иргэн би хотын даргынхаа тухай “лайв” бичвэрээ цааш үргэлжлүүлэхэд, манай мээр бол коммунизмын үзэл, хандлага нэвт шингэсэн “боловсон хүчин” гэдгийг нь нийслэлчүүд бид өдөр бүхэн, биш ээ, цаг, мөч тутамд харж, мэдэрдэг билээ. Хувийн өмч, хөрөнгийг хураах, иргэдийнхээ барьсан барилга, байгууламжийг нураах тухай олонтаа ярьдаг. Өөрт нь таалагдаагүй асуулт асуусан сэтгүүлчдэд ярилцлага өгдөггүй. Дургүйгээ хүрвэл хэвлэлийнхнийг бөөнд нь зад загначихна. Хүний эрхийн талаар түй ч ойлголтгүй. Эсвэл сайн мэддэг тул зориуд зөрчдөг ч байж мэднэ. Ухаан гэж далай шүү дээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг боловсруулж, батлуулахдаа дагалдуулж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан. Ингэхдээ иргэний өмчлөх эрхэнд ноцтойгоор халдсан заалтыг тусгаж, хүнийг өмч хөрөнгөө зарж чадахгүйд хүргэсэн нь бас л овсгоо, зүтгэл шүү. Уг хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцэд очсон.

 

Хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ гэж гарч ирчихээд хоёр жилийн нүүр үзэхэд юу юу хийсэн гээч. Манай мээрийн ажилсаг нь угаасаа гүйцэгдэхгүй. “Импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй” гэсэн Х.Нямбаатарын шийдвэр 20 мянгын дугаарыг 500 мянгаар зарах хүртэл үнэ хөөрөгдөж, далд эдийн засгийг данхайтал өөхшүүлээд байгаа. Энэ шийдвэрийнхээ талаар тэрбээр “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй” хэмээн НИТХ-ын хуралдааны үеэр гал цогтой мэдэгдсэнээсээ болж шүүхээс нэг тэрбум төгрөгөө битүүмжлүүлэх шийдвэр сонсоодохсон нь саяхны явдал.

 

Харин өчигдөр мээр маань “Наран трэйд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт тавьсанд хариу өгөөгүй тул газрын зөвшөөрлөөс эхлээд хамаг зөвшөөрөл, лицензийг нь цуцла гэж үүрэгдэж байгаагаа лайваараа харууллаа. Улсын сүрийг бадруулж л суудаг хайрхан шүү дээ. Хууль зүйн сайд байсан хүн хуулиа мэдэж л байдаг байлгүй.

 

Сүрийг бадруулна гэснээс иймэрхүү сүржин, хэт түрэмгий зан авирыг шинжлэх ухаанд Напалеоны комплекс, Напалеоны хам шинж гэж нэрийддэг. Энэ нь өсвөр насныхаа дутуу, гуцууг нөхөх гэсэн эрмэлзэл, сэтгэцийн хэв шинж гэмээр ч юм уу. Үүнийг бас намхан хүний ​​хам шинж гэж нэрлэсэн ч байдаг юм билээ. Наполеон эрх мэдэл, дайн байлдаан, байлдан дагуулалт, амжилт ялалтын их хүсэл тэмүүллээр өөрийн намхан, жижигхэн биеийн сул талаа нөхсөн гэж үздэг. Тэрбээр ердөө 157 см өндөртэй байжээ.

 

Манайд ийм “напалеончууд” бий, бий. Хэт хувьсгалч, хэт коммунист, хэт түрэмгий, хэт сүржин. Өсөрхөг, хонзогнуур. Магтаал сайшаал, алдар хүндэд хачин дуртай. Тийм хүмүүсийн гарт эрх мэдэл, албан тушаалын зэвсэг атгуулчихвал “Буудчих уу, жанжаан” л гэдэг нь өнгөрсөн түүхээс хангалттай харагдсан. Өнөө цагийн “напалеончууд” эрхбиш буу, зэвсэг агсахгүй нь бидний аз юм даа. Тэгээгүй бол мань мэт нь ингэж бичээд суух биш эрлэгт оччихсон тууж яваа.

 

Гол яриандаа эргээд ороход улсын сүрийг бадруулагч маань ХЗДХ-ийн сайдаар ажиллаж ахуйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэлэмний ир, жадны үзүүр болж явав. Ямартаа л Хаадын хаан гэдэг хоч ч юм уу, өргөмжлөл ч юм уу, нэр тодотголтой байв шүү дээ.

 

Хөгжлийн банк, Нүүрсний гэх мэт дуулиант хэргүүд, Оюутолгойн хэлэлцээр гээд хамаг л халуун сэдэв рүү сэлмээ эргүүлж орсон. Хамгийн сүүлд дунд шатны авлигатай тэмцэнэ, нийслэлд авлига хамгийн их бугшсан гээд До яамны сайдыгаа Оюук нийслэлийн мээр болгосон билээ. Ингээд нийслэл нэг харахад Хууль зүй, дотоод хэргийн яам ч юм шиг, нөгөө харахад Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар ч юм шиг болчихож билээ.

Одоо харин цаг үе, нөхцөл байдал өөр болж. Тэрээр өнгөрсөн сонгуулиар хоёр орлогчоо УИХ-д сойж хоёуланг нь гишүүн болгочихсон. Нийслэлийн МАН-ын даргын хувьд хотоос сонгогдсон гишүүд түүний халаасанд бас бий. Тэр хэрээрээ парламентад хүчтэй болсон гэсэн үг. Тиймээс манай мээр сүүлийн үед үеэлээсээ зай барьж эхэлсэн нь ёстой л цаг хугацааны асуудал болоод байх шиг.

 

Үеэл нь ч гэж үеэл. Төрсөн ахынхаа үгнээс гарахгүй, Жэнкогийн заасан замаар яваад байгаа нь Нянбаагийн хувьд болгоомжлох шалтгаан болсон байх. Живж байгаа усан онгоцон дээр сэлэм эргүүлээд байх уу, эсвэл өөрийн гэсэн завь ч болтугай олж аваад хурдхан түүнээс холдох уу гэдэгт толгойгоо ажиллуулж байгаа нь анзаарагдах болов.

 

Тиймээс улс төрийн тулааны жад, сэлмээ цааш нь нууж, хар ажлын хүрз, лантуугаа далайгаад л хотын гудамжаар лайвдсан шиг явах нь түүнд ашигтай нүүдэл болоод байгаа биз ээ. Гэр хорооллынхонд галыг нь түлж, янданг нь хөөлөх шахаж яваа мээр маань удахгүй Улаанчулуутын хогийн цэгт оччихсон улсын сүрийг бадруулаад явж байж ч мэднэ. Ажилтай туучий шүү дээ.

 

Ингэхэд мээрийгээ лайв, рийл  хийхгүй ганц хоёр цаг болохоор санаад байдаг болсон нь нийслэлчүүд бидний “халуун элгэн сэтгэлийнх” биш хүн гэдэг амьтны хурдан дасдаг төрөлх зөнгийнх биз ээ.

 

За ашгүй, мээрийн лайв эхэллээ. “Байна уу, байна уу, сонсогдож байна уу. За шууд яриад явчих уу? Хэн ээ, энэ газрын зөвшөөрлийг цуцла гэсэн яасан бэ…”.

 

Г.Ууганбаатар  

 

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

36 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

1 цаг 6 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

1 цаг 29 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 54 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа