Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр /2026.04.02/ төрийн ордонд өрнөсөн улс төрийн нөхцөл байдлыг товч базъя.
Өглөө 9 цагаас МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж УИХ-ын даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Энэхүү хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ганцаараа нэр дэвшиж ялалт байгууллаа. Ер нь ганцаараа нэр дэвшээд ялах нь МАН-ын сүүлийн үеийн “моод” болоод байгаа. Тэгвэл түүнтэй цуг УИХ-ын гишүүн С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч нэрээ татсан талаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл өгөх үеэрээ "Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй тийм учраас нэрээ татаж авсан зүйл огт болоогүй. Улсын нөхцөл байдал маш хүнд байнгаа учир бол МАН хуваагдлаа засаж, эв нэгдэлтэйгээр ажиллах хэрэгтэй байна. Надад өмнө жил Ерөнхий сайд болох санал тавьсан ч би татгалзаж байсан. Түүний дараа Г.Занданшатар гэдэг хүн Ерөнхий сайд болсноос хойш МАН-ын талцал, хуваагдал эхэлсэн байдаг" гэв.
Үргэлжлүүлэн, “Засгийн газраас надад Шадар сайдын санал ирсэн. Гэхдээ би ямар ч албан тушаалд очихгүй. МАН-ын хагарал бол зүгээр нэг улс төрчдийн хагарал биш бүр Монголын хагарал болсон. Тиймээс үүнийгээ зогсоогоод эв эеэ ололцож асуудлын шийдэх нь чухал” гэдэг байр суурийг илэрхийлэв.
Ингээд МАН-ын хагарал улам хурцдах тал руугаа хэлбийв. Товчхондоо нөгөө л албан тушаалын төлөөх тэмцлийн тойрогтоо шилжиж байгаа нь энэ. МАН-ын олонхи гэгдэж байгаа Ерөнхийлөгчийн талынхан Б.Амарбаясгалангийн талтай тохиролцоонд хүрч чадаагүй нь илт. Тиймээс цөөнх гэгдэж байгаа 30-ын талынхан цаашид хэрхэх нь анхаарал татна.
Угтаа улс төрчид л 30-ын тал гээд байгаа болохоос энэ нь үнэндээ 15-ын тал юм биш үү гэж ойлгож болохоор. Учир нь МАН-ын УЗ-ийн хуралдааны дараа бүлэг УИХ-ын даргын асуудлыг хэлэлцсэн. Бүлэг дээр энэ санал 53:15 -аар дэмжигдсэн байна.
Үүнээс үзэхэд, Ерөнхий сайд Н.Учрал эв нэгдлийг хангасан 53 хүнтэй, Гэрэгэ 15 давхар 15 хүнтэй үлдэв үү гэх логик ажиглагдана.
Хэрэв тийм бол Гэрэгэ 15 хэт хүч сулдах аюултай юм. Тэгвэл Гэрэгийн гол тоглогч Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “УИХ-ын даргын томилгоо дээр зарчмын байр сууриа барих ёстой. Таван намтай 126 гишүүнтэй парламенттай болсноос хойш хоёр УИХ-ын дарга огцорлоо.
Огцорсон шалтгаан бол аль аль нь нэг намыг төлөөлөөд УИХ-ын хуралдааныг улс төрийн зорилгоор удирдаад байна гэсэн асуудал байсан. Бид сонгодог парламентын засаглалын зарчим руу явах нь зүйтэй.
УИХ-ын дарга болох 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэдэг өнцгөөс өрсөлдөөд гацаад байна. Ингэвэл гурав дахь УИХ-ын дарга дахиад огцорно. УИХ-ын даргын албан тушаал дээрээс ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хийнэ гэдэг бол таван намд тэгш бус хандана гэсэн үг. Улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлээд дараагийнхаа хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд нам бус болгоод хуралдаан зохион байгуулдаг зүйл рүү нь яваасай.
Үүнийг 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг оруулж байхад Г.Занданшатар даргад би хэлж байсан боловч сонгууль дөхчихсөн. УИХ-ын даргад нэр дэвшиж буй хүмүүс шуналаа жаахан хойш нь татаад болзошгүй эрсдэлээс гарахын тулд нам бус, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, аль нэг намын бүлгээс чиглэл авдаггүй хүн байх ёстой. Ингэж байж таван нам итгэнэ” гэв.
Эдний талынхны байр суурийг сонирхоход бүгд “УИХ-ын дарга нам бус байх ёстой” гэсэн зүйлийг хэлж байгаа юм.
Ингээд цаашид хэрхэхийг хөх тэнгэр л мэдэх хэрэг боллоо. МАН-ын дотоод зодоон утгаа алдаж дунд нь төрийн ажил цалгардаж байгаа нь эмгэнэлтэй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
