ДАШТ: Зүлгэн дээгүүр бус зүрхэн дээгүүр өнхрөх бөмбөг

ДАШТ: Зүлгэн дээгүүр бус зүрхэн дээгүүр өнхрөх бөмбөг

Ажлын долоо хоногийн зургаад нь тэд жирийн л нэгэн ажилтан, улс төрийн өндөр албан тушаалтан, оюутан, багш, эмч цагдаа нар... 

Харин хөлбөмбөгийн тоглолттой өдөр дэмждэг багийнхаа өмсгөлөөр гоёод өөрт ойрхон асар эсвэл цэнгэлдэхийг зорьцгооно. 

Тэнд хайртай тоглогчдоо уухайлан дэмжиж, ногоон талбайн төвд байх бөмбөгийг нүд салгалгүй ширтэж, аз жаргал, баяр хөөрт умбацгаана.

Энэ бол хөлбөмбөгийн фанатууд. 

Хөлбөмбөг бол зүгээр нэг спорт биш, дэлхийн 4 тэрбум гаруй хүнийг нэгэн зэрэг уйлуулж, дуулуулж, дурлуулж чаддаг,  XXI зууны хамгийн том "амьд шашин" билээ.

Тухайлбал, 1914 оны Зул сарын баяраар дайны цуст фронт дээр Их Британи, Германы цэргүүд зэвсгээ хаяад, дундын шугамдаа хөлбөмбөг тоглож байсан түүхтэй. Шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрөөрөө хуваагдан бие биенийнхээ эсрэг буу шагайж байсан дайснуудыг гагцхүү 90 минут дотор ах дүүс шиг тэврэлдэхэд хүргэх хүч энэ дэлхий дээр хөлбөмбөгөөс өөр бий гэж үү? 

Баруун Африкийн Кот-д'Ивуар улс таван жилийн турш иргэний дайнд нэрвэгдэж, хойд, өмнөд хэсэгтээ хуваагдаад байлаа. 2005 оны аравдугаар сард тус улсын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Тоглогчид энэхүү баяр хөөрөө иргэдтэйгээ шууд эфирээр хуваалцав. Багийн ахлагч Дидье Дрогба микрофоны өмнө өвдөг сөхрөн суугаад: ​"Африкийн баялаг түүхтэй энэ сайхан улс дайтах ёсгүй. Гуйя, зэвсгээ хаяцгаа. Сонгуулиа хийцгээ" гэж уриалжээ. ​Энэхүү сэтгэл хөдөлгөм алхам нь хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, дайныг албан ёсоор зогсоосон түүхтэй. 

Тэр ч бүү хэл Аргентин улсад домогт тоглогч Диего Марадоног шүтдэг шашны урсгал бодитоороо байдаг гэвэл та итгэх үү? 

Энэхүү шашны урсгалыг 1998 оны аравдугаар сарын 30-нд (Диего Марадонагийн 38 насны төрсөн өдрөөр) Аргентины Росарио хотод түүний үнэнч хөгжөөн дэмжигчид болох Алехандро Верон, Эрнан Амез нар үүсгэн байгуулжээ. ​Тэдний цагийн хуанли Марадоногийн төрсөн өдөр буюу 1960 оноос тоологддог.  Өөрөөр хэлбэр 2026 он бол тэдний хувьд Марадонагийн цаг тооллын 66 дахь жил юм. ​

1986 оны ДАШТ-д Марадона Английн хаалганд гараараа гоол оруулсан түүхт өдөр бол тэдний жилд нэг удаа тэмдэглэдэг хамгийн том баяр нь.

Одоогоор Марадоногийн шашинг 100.000 гаруй хүн шүтдэг гэсэн тоо судалгаа бий. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.