Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагоя хотод албан ёсоор нээлтээ хийлээ
Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагоя хотын Палома Мизухо цэцэрлэгт хүрээлэнгийн Атлетик цэнгэлдэх хүрээлэнд "Imagine One Asia" уриа дор албан ёсоор эхэллээ. Япон улс 1994 оны Хирошимагийн наадмаас хойш 32 жилийн дараа дахин зохион байгуулж буй тус наадамд Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн 45 орны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус наадмын нээлтийн ёслолд Япон улсын Эзэн хаан Нарүхито болон Хатан хаан Масако нар оролцлоо.

Нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Японы алдартай найруулагч Юкихико Цүцүми ажилласан бөгөөд ёслолын ажиллагааг нийт 50 сая ам.долларын төсвөөр бүтээжээ. Хөтөлбөрийн гол чимэг нь зүрхэн хэлбэртэй тайз, Аичи мужийн байгалийн бэлгэдэл болох "Жикин" алтан загасыг агаарт дүрсэлсэн дроны үзүүлбэр болон хийлч Таро Хакасэгийн гоцлол тоглолт байв. Мөн Нагоя хотын 240 иргэнээс бүрдсэн бүжгийн хамтлаг тусгай үзүүлбэрийг үзүүлж, зочдод хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ удаагийн наадам нь оролцогчдын тоогоор 2024 оны Парисын Олимпын наадмыг давж, түүхэн дэх хамгийн том спортын арга хэмжээнүүдийн нэг болж байна. Тэмцээний хөтөлбөрт холимог тулааны урлаг, падел, текбол, виртуал таэквондо болон брейк бүжиг зэрэг шинэ спортын төрлүүд албан ёсоор багтжээ. Мөн цахим спорт хоёр дахь удаагаа медалийн төрөлд орж, Японы алдартай 13 тоглоомын төрлөөр 11 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд манай улсын шигшээ баг энэ удаагийн Азийн наадмын нээлтэд 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй жагсан, Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар оролцлоо.


Энэ удаагийн наадмын үеэр зохион байгуулагчдын зүгээс 17 мянга орчим тамирчин болон албаны хүмүүсийг байрлуулах сорилттой тулгарчээ. Зардал хэмнэх үүднээс тамирчдын тосгон шинээр бариагүй бөгөөд оролцогчдыг орон нутгийн зочид буудал, түр зуурын сууц болон Нагоягийн боомтод байрлах "Коста Серена" аяллын хөлөг онгоцонд байрлуулж байна. Тус хөлөг онгоцонд 5,000 орчим тамирчин байрлаж байгаа бөгөөд зарим орны багууд байрны зай, бэлтгэлийн талбай хүртэлх зам болон хоолны хүрэлцээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Азийн Олимпын Зөвлөлөөс энэхүү шийдлийг санхүүгийн хувьд хэмнэлттэй, шинэлэг жишиг хэмээн үзсэн байна.
Наадмын урьдчилсан шатны тоглолтууд хэдийн эхэлсэн бөгөөд зохион байгуулагч орны сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг хагас шигшээд БНХАУ-ын багийг 97-77 харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө БНСУ-ын багтай өрсөлдөхөөр болов. Мөн зарим улс орнууд тамирчдынхаа бэлтгэл, зохион байгуулалтыг хангах зорилгоор орон нутагт тусгай зохицуулах төвүүдийг нээн ажиллуулж байна. Аичи-Нагоя 2026 наадам нь Ази тивийн спортын салбарын шинэчлэл, эв нэгдлийг илэрхийлсэн томоохон үйл явдал болон үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.